top banner
Шуурхай мэдээ

Аянга буусны улмаас ой хээрийн түймэр гарч байгаа ажээ


2017-07-31 14:53:06
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад асч байгаа ой хээрийн түймрийн дийлэнх нь аянга буусны улмаас гарчээ. Одоогоор аянга буусны улмаас тус аймгийн Ерөө, Мандал сумдад гурван түймэртэй байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байна.
Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Харгантын хүн чулуу” гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т аянга буусны улмаас ойн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч, тус түймэрт орон нутгийн 11 иргэн, нэг автомашинтай унтаахаар  ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар, сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т мөн аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Энд аймгийн Онцгой байдлын газрын 38 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, энэ сарын 26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулсан байна. Одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан ойн түймэрт одоогоор аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар, Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т энэ сарын 27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Энд аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, тус тосгоны Эрээн дэв гэдэг газрын түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид шилжин, орон нутгийн 41 иргэн, нэг автомашинтай унтраахаар ажиллаж байгаа гэнэ.
Мөн энэ сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар, Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус тосгоны Эрээн дэв гэдэг газрын түймрийг унтрахаар ажиллаж байсан алба хаагчид шилжин ажиллаж байгаа аж. Энд орон нутгийн 10 иргэн, хоёр автомашинтай, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд