top banner
Шуурхай мэдээ

Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээ Монголын нүүрсний экспортыг 4 дахин нэмэгдүүлэв


2017-08-01 10:39:24
Зураг
УЛААНБААТАР. /Reuters/. Умард Солонгосоос нүүрс импортлохоо Хятад улс зогсоосонтой холбоотойгоор Монголын нүүрсний экспорт 2017 оны эхний хагаст дөрөв дахин өссөн байна.

Энэ оны эхний хагасын нийт экспортын орлогын талаас илүү хувийг нүүрсний экспорт бүрдүүлсэн болохыг Монголын Үндэсний статистикийн хороо даваа гарагт мэдэгдэв.

Гадаадын хөрөнгө оруулалт эрс багасч, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсны дараа Монгол Улс өрийн дарамтыг багасгахын тулд Олон улсын валютын сангаас тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрч, тус сангийн 5.5 тэрбум долларын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –т хамрагдсан билээ. 

НҮБ-ын Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг Хятад улс тууштай дагаж мөрдөн Умард Солонгосоос нүүрс импортлохоо бүрэн зогсоосны дүнд Монголын нүүрсний экспортын хэмжээ энэ оны эхний хагаст дөрөв дахин нэмэгдэж, орлого нь 1.28 тэрбум доллар болсон байна.

Энэ оны эхний хагаст Монголын нийт экспортын 82 хувийг ашигт малтмал бүрдүүлсэн бөгөөд экспортын хэмжээ 2016 оны мөн үеийнхээс 41.7 хувиар нэмэгдэж, 3.1 тэрбум долларын орлого олжээ.

Умард Солонгосоос нүүрс импортлохыг НҮБ-ын гишүүн бүх улс оронд хориглох тухай тогтоолыг 2016 оны 11 сард Аюулгүйн Зөвлөл баталсан юм.

Есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт  хийсэнтэй нь холбогдуулан  баталсан уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь юм. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс. Мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг мөн хориглосон.

Харин “Умард Солонгосын ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах зорилгоор нүүрс экспортолж болно” гэсэн тогтоолын цоорхойг ашиглан Хятад улс Умард Солонгосоос нүүрс экспортолсоор байсан юм. Гэвч Умард Солонгос удаа дараалан баллистик пуужин харван өдөөн хатгалгаа зогсоохгүй байсантай холбоотойгоор Хятад улс байр сууриа чангатган 2017 оны хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн оны эцэст хүртэл тус улсаас нүүрс импортлохоо зогсоогоод байгаа билээ.

http://www.reuters.com/article/us-mongolia-coal-idUSKBN1AG0RS
 
Г.Доржханд
 

Монгол брэнд