top banner
Шуурхай мэдээ

Пхеньянтай яриа хэлэлцээ хийхэд Японд туслахад Монгол Улс бэлэн гэв


2017-08-02 10:19:01
Зураг
ТОКИО. /TheAsahiShimbun/. Умард Солонгост хулгайлагдсан япончуудтай холбоотой хэдэн арван жил сунжирч буй асуудлыг шийдвэрлэхэд манай улс Японд туслахад бэлэн гэж Монгол Улсаас Японд суух Элчин сайдын албан тушаалаасаа саяхан буусан С.Хүрэлбаатар хэллээ. 

С.Хүрэлбаатар нутаг буцахынхаа өмнө “The Asahi Shimbun” сонинд өргөн цар хүрээг хамарсан асуудлаар ярилцлага өгч, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны талаарх өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 2008-2011 онд Монгол Улсаас Умард Солонгост суух Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Япон болон Умард Солонгосын аль алинтай нь Монгол Улс найрсаг харилцаатай болохыг тэрбээр онцлон тэмдэглээд “Японы түншийн хувьд хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд туслах нь Монголын үүрэг” гэжээ.

Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох зорилго бүхий, 2008 оноос хойш гацаанд ороод байгаа зургаан талын хэлэлцээг Монголын нийслэл Улаанбаатар хотод сэргээн хийхийг Элчин сайд асан С.Хүрэлбаатар  мөн санал болгосон байна.

С.Хүрэлбаатар нь Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийг амьд сэрүүн байхад Умард Солонгост Элчин сайдаар сууж байсан юм.

Тэрбээр “Би 2011 оны 12 дугаар сард Ким Жөн Иртэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохдоо Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Унтай уулзаж, гар барьж байсан. Түүний гар нь их зөөлөн. Түүний нүдэнд гуниг хурсан харагдаж байсан ч инээмсэглэж байсан” гэж дурсан ярьсан байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгос дахь гадаадын дипломатчид Ким Жөн Ирийг таалал төгсөхөөс өмнө “Хүү нь засгийн эрхийг авна” гэж таамаглаж байсан. Ким Жөн Ир таалал төгсөхөөсөө 2-3 жилийн өмнөөс Орос болон Хятадаас бусад орны Элчин сайд, өндөр дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзахаа больсон” гэжээ.

Умард Солонгостой сайн харилцаатай Монгол Улстай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ харилцаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсээр байна.

2013 оны есдүгээр сард Ц.Элбэгдорж Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар Японд айлчлах үеэр түүнийг Ш.Абэ хувийн өргөөндөө урьж байв. Тухайн үед С.Хүрэлбаатар ерөнхийлөгчийг дагалдан хэлмэрчээр явж байсан юм.

Энэ айлчлалын тухай С.Хүрэлбаатар хөндөн ярихдаа “Манай хоёр улсын удирдагчдын харилцан итгэлцэл гүнзгийрсэн. Тэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, хулгайлагдсан иргэд зэрэг асуудлыг онцлон ярилцсан” гэжээ.

http://www.asahi.com/ajw/articles/AJ201708010027.html
Г.Доржханд

Монгол брэнд