top banner

Хоёр байлдагч харамсалтайгаар амиа алджээ


2017-08-02 12:08:51
Зураг
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс суман дахь хилийн 0277 дугаар ангийн заставын хоёр байлдагч харамсалтайгаар амь насаа алдсан байдалтай олджээ.
Тодруулбал тус ангийн байлдагч хоёр цэрэг долдугаар сарын  24-ны өдөр хилийн харуулд гарч байгаад 16.00 цагт харуул солилцох үед ирээгүй бөгөөд 19.00 цагийн орчимд нэг байлдагчийн унаж явсан морь ангид эргэж ирснээр шуурхай дуудлагыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт өгчээ.  Долдугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онгой байдлын аврах бүрэлдэхүүн, Цагдаагийн газраас эрэлчид томилогдон хуурай газраар болон ойд самналт хийж эрэн хайх үйл ажиллагааг  явуулжээ.  Ингээд эрлийн баг Тэс сумын Нисэг багийн нутаг Тэсийн голын сав дагуу газар харз, тогтоол цөөрөм /цүнхээл/-с хоёр байлдагчийн цогцсыг,  тэдний нэгнийх нь явсан морийг олсон байна. 
Мөрдөн шалгах үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг байлдагч нь морио услаж байгаад тогтоол цөөрөмд /шавартай/ живсэн, түүнийгээ татаж гаргах гэж байгаад нөгөөх нь мөн санамсаргүй живсэн гэсэн дүгнэлтийг гаргаад буй ажээ.  
Дашрамд ойрын өдрүүдэд хэт их халалт хуурайшилттай үед  хүн малгүй усруу тэмүүлж байна. Тиймээс иргэд гүнзгий цүнхээл, цөөрөм, урсгалгүй тогтоол уснаас малаа услахгүй байх, өөрсдөө орохгүй байх. Тухайн сум орон нутаг, засаг захиргаанаас голын аюултай хэсэг газруудад анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хийхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Мягмарсүрэн

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд