top banner
Шуурхай мэдээ

Завханы уулчид Ленин оргилд төрийн далбаагаа мандууллаа


2017-08-03 13:09:01
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Завханы уулчин Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар Памирын нурууны тав дахь өндөр оргил Ленинд (7,134м) амжилттай авиралт хийж эх орныхоо далбааг мандууллаа. Энэхүү авиралт нь Киргиз улсын уулчдын холбооноос туршлагатай уулчдын дунд зохион байгуулсан "Mountain Spirit 2017" цугларалт бөгөөд Азийн таван орны буюу  Хонгконг, Япон, Тайван, Иран, Монгол гэсэн улсын  11 уулчин оролцсон байна.
Манай уулчид 7-р сарын 24-ний өдөр авиралтаа эхлүүлж өндрийн бэлтгэл хийх зорилгоор гуравдугаар отогт (6100м) нэг удаа хүрсэн байна.  Дараа нь 7 сарын 31-ны цаг агаарын цонхыг ашиглахын тулд шууд үндсэн авиралтдаа оржээ. 7-р сарын 31-ний өглөөний дөрвөн цагт дайралтаа эхлүүлж Монголын цагаар 11.30 минутанд оргилд гарчээ. Ийнхүү цугларалтад оролцсон 11 уулчнаас ердөө манай хоёр уулчин оргилд гарч, бусад уулчид оргилд гарч чадалгүй буцжээ. Одоогоор өндрийн үндсэн отог дээр Тайванийн хоёр уулчин оргилд гарах зорилгоор цаг агаарын тааламжтай үеийг хүлээж байна хэмээн Ө.Батманлай мэдээллээ.

"Mountain Spirit 2017" цугларалтын хүрээнд нэгдсэн авиралт хийгдээгүй, урьдаар бэлдэж зам тавиагүй бөгөөд зөвхөн үндсэн отог дээр хүргэж, уулчдыг байрлуулах асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Манай уулчид одоо Ош хотод ирээд байгаа бөгөөд 8-р сарын 5-нд эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байна.
Дашрамд Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар энэхүү авиралтаар "Цасны барс" хөтөлбөрийг эхлүүлэхээ гуравдугаар сард зарлажээ. Хөтөлбөрийг амжилттай эхлүүлсэн Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчин Уулын спортын ОУХ мастер Өлзий-Оршихын Батманлай нь Дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын 14 дэх нь болох “ Ши ши пангма” оргилд Соло авиралтыг хийж оргил дээр нь Монгол дээлтэй зогсож байсан анхны Монгол хүн юм. Харин түүний хамтрагч Сүхбатын Болор-Эрдэнэ нь Завхан аймгийн “Уулсын оргил өөд “клубын уулчин. Тэрээр эх орныхоо мөнх цаст оргилуудад авиралт хийсэн туршлагатай бөгөөд  энэ хүнд авиралтыг сонгож өөрийнхөө шинэ амжилтыг тогтоогоод байна.

Тэдний эхний амжилттай эзэлсэн оргил болох  Пик Ленин  оргил бол 7134 м өндөртэй Киргизстан улсын нутагт оршдог уул юм байна.  
Дэлхийн гурав дахь том уулсын бүс болох алдарт Тянь-Шань, Памирын нуруунд 7000 метрээс дээш өндөртэй таван оргил сүр хүчийг гайхуулан оршдог байна.  Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м) оргилууд байгаа бол, Памирын уулсад Исмоила Сомони буюу Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд байдаг. Энэ таван оргилд бүгдэд нь амжилттай мөрөө гаргаж, нэрээ үлдээсэн уулчдад “Цасны барс /Снежный барс/  цол хүртээдэг уламжлал хуучин ЗХУ-ын үеэс бий болж өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа ажээ. Энэхүү цол нь эдүгээ цагт уулчдын дунд нэгэн нэр алдартай хөтөлбөр болж хөгжөөд буй юм.
Одоогоор энэхүү хөтөлбөрийг давж гараад байгаа 600 гаран уулчин байгаа бөгөөд, түүнээс 31 нь эмэгтэй уулчин юм. Энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн хүн бол Борис Коршунов. Тэрээр 1981-2010 оны хооронд 9 удаа "Цасны барс" болжээ. Тэгвэл хамгийн хурдан хугацаанд буюу 42 хоногт багтаан таван оргилд авирч дуусгасан хүнээр 1999 онд Денис Урубко тодорч байсан байна. Домогт уулчин Владимир Балыбердин 1982 онд энэ хөтөлбөрийг дуусгаж анх шагнал гардсан бол, 1985 онд Анатолый Букреев анхны цасны барсаа авч байжээ. Мөн Валерий Хрищатый, Владимир Сувига, Сергей Богомолов, Николай Тотмянин гээд маш өндөр зэрэглэлийн шилдэг олон уулчид гардсан байдаг.  Энэ хөтөлбөр нь даян дэлхийн уулчдын дунд нэр хүндтэй хэвээрээ байна. Дэлхийн хамгийн хойд захын долоон мянгатуудад авирч гарахын тулд жил бүр оролдлогууд хийгдсээр байдаг байна.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд