top banner
Шуурхай мэдээ

Ази Номхон далайн 31-р Жемборид Өмнөговь аймаг хамгийн олон хүүхэд оролцуулжээ


2017-08-03 14:50:05
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Ази Номхон далайн 31-р Жембори Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Гадаадын хоёр мянга, дотоодын дөрвөн мянга гаруй хүүхдүүд оролцсон тус арга хэмжээнд Өмнөговь аймгаас хамгийн олон хүүхэд оролцоод иржээ.
Жемборид оролцсон хүүхдүүд өвөл, хавар, зун, намар гэсэн 4 дэд бүлэгт хуваагдан Браунси арал, Шинэ дэлхий, Нийгмийн хөгжлийн хотхон, Адал явдалт гэсэн дөрвөн хотхоны 50 орчим сонирхолтой өртөөгөөр аялж, олон орны хүүхэд багачуудтай танилцаж найзууд болцгоосон байна. 

Энэ үеэр 21 аймгийн скаут хүүхдүүдийн дунд зохион байгуулсан эрийн 3 наадмын бөхийн төрөлд Өмнөговь аймгийн Сэврэй сумын скаут н.Нямсүрэн үзүүрлэж, сур харвааны төрөлд дэд байранд 7-р сургуулийн скаут У.Энхтунгалаг, шагайн харвааны төрөлд Ханбогд сумын скаут н.Наранцогт түрүүлж, дэд байранд Цогт-Овоо сумын скаут Г.Тогтуунжаргал удаалсан амжилт гаргасан байна. Мөн сагсан бөмбөгийн тэмцээнд Өмнөговь аймгийн скаутууд багаараа тэргүүн байр эзэлжээ.
Энэхүү жемборид тус аймгаас 257 хүүхэд, мэргэжлийн багш, зөвлөх багш, цагдаа, эмч гэсэн 30-н хүн оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга, ЗДТГ, “Өнөд өвлөх урлахуй”ХХК-ийн хамт олон дэмжиж тусалсанд хүүхдүүд баяртай байгаа юм.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд