top banner
Шуурхай мэдээ

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 100м-ийн зайд У.Болт Америкийн тамирчин Ж.Гэтлинг барсангүй


2017-08-06 12:01:44
Зураг
ЛОНДОН./TASS/. Америкийн тамирчин Жастин Гэтлин дэлхийн хөнгөн атлетикийн бэлэг тэмдэг болсон Ямайкын алдарт тамирчин Усэйн Болтыг ялагдашгүйгээр спортоо орхих боломжийг олгосонгүй. Америкийн тамирчин Жастин Гэтлин 2017 оны ДАШТ-ий 100 м-ийн зайд дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтаар алтан медаль хүртжээ.

Ж.Гэтлин 9,92 секундын амжилтаар аваргалсан бол удаахь байранд түүний эх орон нэгтэн Кристиан Коулман 9,94 секундээр орж, 100м-ийн зайн дэлхийн гурван удаагийн аварга У.Болт 9,95 секундын амжилтаар гуравт жагсжээ. Ж.Гэтлиний энэ амжилт нь дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтын нэг болж байгаа юм. Энэ зайд 9,92 секундээс удаан амжилтыг зөвхөн 1983, 1987, 1995, 2003 онд үзүүлж байжээ.

Ж.Гэтлин 2004 оны Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт ойрын зайн гүйлтийн тамирчин юм. 2006 онд тэрбээр допинг хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ түр хугацаагаар хасуулж байсан юм.

Тэмцээн болохоос дөрөв хоногийн өмнө У.Болт хэвлэлийн хурал дээр ялагдалгүйгээр спортоо орхихыг хүсч байна гэж мэдэгдэж байсан ба тэрбээр энэ ялагдлаа бэлтгэл дутуу байсантай холбон тайлбарлажээ. “Би гүйлтийн төгсгөл хэсэгт хурдаа гаргаж чадсангүй, би үүнийг хийж чадах ёстой байсан ч чадсангүй” хэмээн өдгөө 30 настай Ямайкын тамирчин ялагдлаа тайлбарлажээ.

“У.Болтын амжилтанд мэдээж хэрэг нас нөлөөлж байгаа, тэр өөрөө ч урьд нь жижиг гэмтэл бэртэл зэрэг таагүй зүйлээс салахгүй байна гэж ярьж байсан. Тэр одоо үлдсэн тэмцээнүүдэд өөрийгөө хэрхэн харуулахыг харцгаая” гэж 1972 оны дэлхийн аварга Валерий Борзов ТАСС-ын сурвалжлагчтай ярилцах үеэрээ хэлжээ. .  

“У.Болт надад баяр хүргээд, чи үнэхээр чадлаа гэж хэлсэн” хэмээн 100 м-ийн зайн дэлхийн шинэ аварга Ж.Гэтлин ялалтынхаа дараа хэлжээ. “Ж.Гэтлин бол мундаг өрсөлдөгч, тиймээс та нар түүнтэй өрсөлдөхийн тулд форм сайтай байх ёстой, би түүнтэй өрсөлдсөндөө баяртай байна, тэр их сайн хүн” хэмээн 2017 оны ДАШТ-ний дараа спортоо орхих гэж буй Ямайкын алдарт тамирчин Усэйн Болт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ярьжээ.
О.Барс

Монгол брэнд