top banner
Шуурхай мэдээ

Даншиг наадам ба "Хүрээ цам"


2017-08-07 13:36:12
Зураг
“Даншиг наадам-Хүрээ цам-2017” наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болж Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг наадмын талбайн хойморт залснаар эхлэв.

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг билээ. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол Улсын туг, Төрийн сүлдэн дээр үл жарган, мандсаар буйг илтгэсэн хэрэг юм.

Тугийг залсны хойно нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай ижил түвшинд өргөжин хөгжсөөр байгаа билээ. 100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээг сэргээгээд гурван жил болж байна. Энэхүү наадам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Тухайлбал, өнөөдөр 3000 гаруй жуулчин Даншиг наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ. Ийнхүү сүсэгтэн олон, жуулчин та бүхэнд зориулан зохион байгуулж буй энэхүү наадам эхэлж байгааг дуулгахад таатай байна” гэсэн бол Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, "Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж буй. Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ” хэмээв.



Нээлтийн дараа Гандагтэгчэнлин хийдийн лам нар Мандал өргөлөө. Тус зан үйлийг хийхдээ зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад, баруун гарын алгаар гадагш арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгадаг байна. Харин дараагаар нь сүсэгтэн олон Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр уншиж, Очирваани шүтээнийг тахив.

Монголчуудын уламжлалт зан заншил, нүүдэлчин түмний сүсэг бишрэл хийгээд соёлын үнэт зүйлсийн дотроо хадгалсан “Даншиг наадам - 2017” ийнхүү эхэлж хурсан олныг цэнгүүлэв. Түүн дотроос хамгийн гол үзүүлбэр нь “Цамын бүжиг” байсныг онцлон дурдах хэрэгтэй.

Эртний сайхан

Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир утгыг дотроо агуулдаг. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг үйлддэг.

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох “Цогт төгөлдөр Самъяа” хийдийг байгуулж байсан эртний түүхтэй юм.





Ийнхүү Монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол жил бүр болдог билээ. “Цам”-ын зан үйл нь хэдийгээр дээр дурьдсаны дагуу Төвдөөс уламжлагдсан боловч манай оронд өөрсдийн зан үйл, уламжлалтай холбогдох монгол төрх байдал, монгол зан үйлийг шингээсэн шашин соёлын нэгэн чухал нандин өв болтлоо хөгжин дэлгэрч чадсан байдаг. 

Урт наслахын бэлгэдэл “Цагаан өвгөн”

Урт цагаан сахал, цагаан дээлтэй өвгөн урт удаан аж жаргал, өлзий хутаг, өвчин зовлонгүй урт наслахын буян хишгийг олон түмэнд түгээн цамнан бүжнэ. Сүсэгтэн олон эрт дээр үеэс хүрээ цамын дундаас Цагаан өвгөний цамнахыг үзэж, тухайн жилийн өвлийн өнгийг танддаг уламжлал бий. Энэ нь Монголчуудын байгаль, хийгээд шашин шүтлэгийн үйлийг хослуулан дүгнэдэг эртний сонгодог арга барилтай холбоотой. Ийнхүү шашны зан үйлээс тухайн улирлын өнгийг тодорхойлдог ард түмэн үгүй биз ээ. Тиймээс төв цэнгэлдэхэд цугларсан үй олон Цагаан өвгөний цамнахыг үзэн, даган баясч байна.

Цагаан өвгөн хурсан олон ламтай хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэж, зан ааш сайтай байна. Тиймээс энэ жил дэлгэр сайхан болох нь хэмээн ярих сүсэгтэн олон ч байлаа.

Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнгөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон нааддаг гэж үздэг. Харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь" хэмээн ар гэртээ очиж сонин болгон ярьдаг байсан түүх бидэнд л буй.



Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэлтэйгээс гадна цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг.

Харин сүүлийн үед Даншиг наадам болоод Хүрээ цам харайхийг үзэхээр ирсэн гадаадын жуулчдын тоо өсөн нэмэгдсээр буй билээ.

Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл боллоо. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөв. Ингэснээр муу муухай бүхэн ариусч, хорвоод дахин шинэ хүн болж төрсөн хэмээн үздэг байна.

Даншиг наадмын үнэт зүйлс хийгээд төгсгөл

“Даншиг наадам” -2017-д хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн “Даншигийн даян аварга” цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж “Даншигийн заан” цолны эзэн болсон юм.

Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр, мөн тус сумын бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж “Даншигийн начин цол”-ны болзол хангав.

Харин энэ жил зохион байгуулагчдын зүгээс Гандантэгчилэн хийдийн лам нартай зөвлөлдөсний дагуу “сурын харваа”-г өнжихөөр болсон тухай мэдэгдэл хийсэн бөгөөд өөр ямар нэгэн тайлбарыг өгсөнгүй.

Харин Даншиг наадмын хувьд  төв цэнгэлдэхийн ногоон зүлгэн дээр хүчит бөхчүүд барилдаж, цамын бүжиг, лам нарын балин урлалын тэмцээн болж, монголчууд түүх соёлоороо бахархсан урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж өөрсдийн төдийгүй зорьж ирсэн жуулчдын  нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэн наадав.



Монголчуудын уламжлалт түүх, шашин шүтлэгийн зан үйл, соёл урлагийг нэгэн дээвэр дор эвийн журмаар зангидаж, дархалж чадсан нь “бидний бахархал, хийгээд үнэт зүйлс” юм гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Даншгаар эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан, урлагийн тог­лолт, Монголд үйлд­вэрлэгчдийн төрөлжсөн үзэсгэлэн худалдаа зэргийг бурхан урлал, түүнчлэн балин хийх, ном хурах, ном хаялцах зэрэг шашны зан заншилтай холбож  үзүүлсэн ба энэ бүхнийг нэг дор цогцоор нь зохион байгуулжээ.  Бат оршил, бат орших  гэдэг үгийнхээ утгаас өгсүүлээд  ард түмнийхээ  сайн сайхны төлөө ном хурж мандал өргөсөн, монголчуудыг даасан их сахиус Очирваанийг залсан зэрэг өргөн олныг хамруулж зан заншлаа сэргээснээр өөрсдийн улс орны үнэт зүйлсийг дээдэлж, тусгаар орших бэлгэдэл, өв уламжлалаа сэргээснээрээ онцлогтой болох нь харагдаж байв.

Хамгийн чухал нь тус наадмыг өнөө цагт сэргээж, цаашид зохион байгуулснаар дэлхийн хөгжлийн нэгэн гол салбар болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засагаа өсгөх, монгол туургатаны зүүн Ази дахь дэлхийн томоохон үйл явдлын нэг болгохоор жил бүр зорьж ажиллаж буйг зохион байгуулагчдын зүгээс онцлов. Цаашид тус наадам монголчууд болон жуулчидаас хэрхэн үнэлгээ авч, түүхэнд ямар үзгээр тэмдэглэгдэн үлдэх бол гэсэн асуултын хариу удахгүй тодрох биз найдах л үлдлээ.
 
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр

Монгол брэнд