top banner
Шуурхай мэдээ

Завхан аймаг үрийн нөөцийн сангийнхаа 70 орчим хувийг энэ намар хураана


2017-08-08 10:13:51
Зураг
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сангийнхаа 70 орчим хувийг энэ намар хураана.

Энэ жил аймгийн хэмжээнд 1264.08 га талбайд тариалалт хийснээс 710.0 га-д үр тариа,  204.8 га-д төмс, 96.24 га-д хүнсний ногоо, 253.04 га-д марын тэжээл тариалжээ. Харин тус аймгийн төмсний үрийг ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тн, “Гала”, "Импала" сортын үрийн төмс 2.0 тн-ыг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 гаруй тариаланчдад өнгөрсөн жил гэрээгээр олгож үржүүлжээ. Мөн байцаа, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, лооль зэрэг нийт 48.0 кг хүнсний ногооны үрийг сумдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Мал эмнэлэг үржлийн тасгаар дамжуулан олгож амжилттай тариалж байна. Тиймээс ирэх намар тус аймагт хамгийн их тариалдаг "Астила" сортын төмснөөс гадна гурван төрлийн сортын төмсийг хураан авах төлөвлөгөөтэй байна.

Дашрамд дурдахад, "Астила" сорт нь зүүн Германаас /хуучин/ гаралтай бөгөөд 1970-аад оны сүүлчээр манай оронд нутагшсан, эрт болцтой, хоолны төмс юм байна. Одоо Төв аймгийн Борнуур, Жаргалант орчмоор багагүй тариалагдаж байгаа. Борнуурын шар төмс, Жаргалантын шар төмс, Монгол шар төмс хэмээн зах зээлд сайн танигдсан. Харин "Импала" сорт нь Нидерланд улсын Agrico Research BV институтэд эрлийзжүүлгийн аргаар гаргасан. Европын холбооны улсуудад өргөн тариалагддаг төмсний сортын шинэчилсэн каталогид 2003 онд бүртгэгдсэн эрт болцтой сорт юм байна. 2004 оноос манай орны хэд хэдэн бүсэд экологийн сорилт хийгдэж 2006 онд ирээдүйтэй сортоор 2007 онд нутагшсан сортоор батлагджээ.  Цэцгийн өнгө нь цагаан булцууны хальс шар өнгөтэй, махлаг эд нь шар, гүехэн нүдтэй, зууван дугуй хэлбэрийн булцуутай амт чанартай төмс юм байна. 

Сонирхуулахад, 2000 оноос хойш манай оронд ихэвчлэн Европын орнуудаас олон шилдэг сортууд оруулж туршин генийн санг баяжуулж, "Витара", "Импала", "Санте", "Гала", "Солист", "Куарта" зэрэг сортуудыг нутагшуулж, одоо төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахаар болжээ. 
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд