top banner
Шуурхай мэдээ

"Монголын нүүдэлчдийн нэг өдөр"-ийг гадаад, дотоодын 600 гаруй жуулчин үзэж сонирхлоо


2017-08-08 11:42:08
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ хоёр дахь жилдээ болж, гадаадын 100, дотоодын 500 гаруй жуулчин үзэж сонирхов. Мөн өдөрлөгт "Ногоон алт" төслийг хэрэгжүүлж буй Өмнөговь, Дундговь аймгийн малчид оролцлоо. 

"Монголын говь" нүүдэлч малчдын холбооноос санаачлан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас ивээн тэтгэж, Ханхонгор сумын ЗДТГ, "Бэлчээрийн ногоон алт" төслийнхөн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Ханхонгор сумын малчдын есөн бүлгийнхэн Монголын нүүдэлчдийн ёс заншлыг харуулсан юм. Үүнд ямаа холбож саах, ингэ хөөслөх, унага барих, гэр ачаалах, хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйх зэрэг уламжлалт ёс заншлыг зочдод сурталчлан таниулсан байна.



Энэхүү өдөрлөгийн үеэр малчдын есөн бүлэг өөр өөрсдийн үзүүлбэрээрээ өрсөлдсөн бөгөөд Ханхонгор сумын Мандах багийн "Дундсайхан" малчдын бүлэг адууны зан үйлээрээ тэргүүн байр эзэлж, "Баянгол" малчдын бүлэг тэмээний зан үйлээрээ дэд байрт шалгарсан байна.   

Монгол мал аж ахуйн уламжлал, ёс заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэх, таван хошуу малын уналга, сүү, цагаан идээг боловсруулах, нүүдэлчин заншлаа сурталчлах зорилго бүхий тус өдөрлөг нь цаашдаа дотоод гадаадын аялагчдыг говь нутаг руу татдаг болно гэж санаачлагчид үзэж байна.



Өдөрлөгийн үеэр өсвөрийн бөхийн барилдаан, сурын харваа, дааганы уралдаан болсон юм. Мөн нийтийн бүжгийн тэмцээн болж малчид "Задгай цагаан", "Гурван тамирын уянга" зэрэг бүжгээр өрсөлдлөө.  

Тус арга хэмжээ нь нүүдэлчин уламжлалаа гадаадын жуулчдад болон нутгийн түмэндээ сурталчлан таниулсан, малын гаралтай түүхий эд, ноос, арьс ширээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж үзэсгэлэн гаргасан гээд хөдөлмөрч малчид, ард иргэдийнхээ хөдөлмөрийг олон нийтэд хүргэсэн юм.

 

Д.Мишигсүрэн


Монгол брэнд