top banner
Шуурхай мэдээ

Дохионы хэлээр ярьдаг Чантек орангутан амьсгал хураажээ


2017-08-08 13:34:11
Зураг
АТЛАНТА. /АР/.  Дохионы хэл сурсан анхны сармагчингуудын нэг болох “Чантек” орангутан Америкийн Жоржиа муж улсын Атланта хотод 39 настайдаа амьсгал хураажээ.

Чантек нь Теннесси муж улсад нэгэн антропологичтой /хүн судлаач/ бараг есөн жилийн турш хамт амьдарч, өрөөгөө цэвэрлэж, янз бүрийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглахыг сурч, түргэн хоолны ресторан руу явах замаа цээжилж сурсан аж.

Энэ орангутан амьдралынхаа сүүлийн жилүүдийг Атлантагийн амьтны хүрээлэнд өнгөрүүлжээ. Тэнд түүний зүрхний өвчнийг эмчилж байсан гэнэ.

Амьтны хүрээлэнгийн албаны хүмүүс хэлэхдээ “Чантек маш сонирхолтой зан араншинтай амьтан байсан. Бидэнд маш том гарз тохиолоо” гэв.

39 настай Чантек нь Хойд Америкийн амьтны хүрээлэнгүүдийн хамгийн хөгшин орангутануудын нэг байсан юм. 35-аас дээш насны орангутанууд  нь “ахмад настан”-ы тоонд ордог ажээ.

2014  онд хийсэн “Коллежид сурсан орангутан” гэдэг баримтат кинонд Чантек гэрээ цэвэрлэхээс эхлүүлээд их сургуулиасаа ресторан руу явах замыг заан чиглүүлж байгаа нь гардаг юм.

Энэ орангутан нь Америкийн дохионы хэлийг ашиглан хүмүүстэй харилцаж чаддаг цөөн хэдэн сармагчингуудын нэг байлаа. "Тэр бидэнтэй дохионы хэлээр харилцдаг байсан" гэж Атлантагийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд ярив.
 
Г.Доржханд

Монгол брэнд