top banner
Шуурхай мэдээ

Вьетнам руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох ажлыг эрчимжүүлнэ


2017-08-08 13:57:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан ГХЯ-ны хурлын танхимд болж байна.

Тус хурлын үеэр манай улс  гүн хөлдөөсөн ямааны мах, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Вьетнам улсад их хэмжээгээр экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

93 сая хүн амтай Вьетнам улсын махны хэрэгцээ өндөр учир хэд, хэдэн улсаас мах импортлодог байна.  Монгол мах амт чанар сайтай учир вьетнамчууд  худалдан авах дуртай байдгийг албаныхан онцолж байсан юм.

ХХААХҮЯ-ны Сайд П.Сэргэлэн,“Бидний  тавьсан саналыг Вьетнамын тал нааштай хүлээн авлаа. Түүнчлэн хоёр орны ХХААХҮЯ-ны дэд сайд нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж , Вьетнам руу хөдөө аж ахуйн  гаралтай бүтээгдэхүүн болон ашигт малтмалыг богино хугацаанд  экспортлох ажлыг эхлүүлэхээр боллоо. Ирэх жил Вьетнамд болох Монгол -Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар монгол махыг Вьетнамын дэлгүүрт борлуулж байна гэдэгт итгэлтэй  байна” хэмээв.


Одоогоор  мах,  махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн махны чиглэлийн компаниудтай гэрээ хэлэлцээ хийсний дараа тодорхой болно гэдгийг салбарынхан онцлов.

Дашрамд дурдахад он гарсаар манай улс Вьетнам улсад 80 тонн ямааны мах, килограмм тутмыг 2.4 ам.доллараар экспортолжээ. Хоёр орны худалдаа үйлчилгээний хамтын ажиллагаа өргөжснөөр экспортын үнэ өсөх боломжтой аж.
Л.Нандиа

Монгол брэнд