top banner
Шуурхай мэдээ

Ногоон бүсийн 20 га газрыг цэвэрлэж байна


2017-08-09 13:31:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн “Манзушир трейд”, “Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоожээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа болон холбогдох албаны хүмүүс ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Тэрээр, “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчлэн авч хийдэг. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргадаг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байна” гэв.

“Үндэсний ойжилт” ХХК-ийн захирал Ц.Ганзориг, “Нийслэлээс зарласан тендерт манай компани шалгарсан. Ар, өвөр Хуандайн хоёр хэсэгт нийт 20 га газарт цэвэрлэгээ хийж байна. Гэрээнд заасны дагуу ойн сэргээлт хийж дөрвөн мянган ширхэг шинэс мод тарина. Цэвэрлэгээ хийж байгаа ойн хэсгийн мод нь хөгшрөлт ихтэй, ахин төлжихгүй болсон. 2-3 жилийн өмнө огтлолт хийх ёстой байсан юм” гэдгийг хэллээ.

Энэ сарын 3-наас эхэлсэн цэвэрлэгээний ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм. Цэвэрлэгээний ажлын явцад НБОГ болон НМХГ-аас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах аж.

Ойн цэвэрлэгээг гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагууд нь энэ намар нийт 18 га талбайд  нөхөн  сэргээх ажил хийх юм байна.
Ж.Болор

Монгол брэнд