top banner
Шуурхай мэдээ

Илгээлтийн эздэд зориулж “Анхдагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


2017-08-09 14:42:13
Зураг
Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор жил бүрийн 12-нд “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Үүний дагуу энэ онд тухайн өдрийг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж анхдагч, илгээлтийн эздийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тухайлбал өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал тодорхой шалтгаанаар хэвтрийн дэглэм баримталж буй анхдагчдын гэрт очиж хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Өнөөдрийн байдлаар анхдагчдын 50 гаруй нь хэвтэрт байдаг юм.

Энэ үеэр Засаг даргын орлогч С.Батжаргал хэлсэн үгэндээ орон нутгийн засаг захиргаанаас анхдагч, илгээлтийн эзэд тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудыг бүх талаар дэмжих бодлого баримталж байгаа гэдгийг онцоллоо. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд “Анхдагч”, “Ач санах” гэсэн дэд хөтөлбөрийг багтаан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Энэ сарын 12-нд буюу “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-өөр Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөнд цэцэг өргө, хүндэтгэлийн тоглолт, баярын хурал хийх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Орхон аймгийн ЗДТГ
 

Монгол брэнд