top banner
Шуурхай мэдээ

Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах саналтай байна


2017-08-09 16:21:32
Зураг
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн малчдаас авсан судалгаанд оролцогчдын дийлэнх нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, чанартай цөөн малтай байх нь чухал байна гэж үзжээ. 

Хүнс хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр аймгийн хэмжээний 16 сумын урд хойд бүсээс төлөөлүүлж Гурванбулаг, Рашаант, Хутаг-Өндөр, Хангал сумын малчдаас санал асуулга авсан байна. Санал асуулганд 125 малчин хамрагдсан бөгөөд 95,2 хувь малаа эдийн засгийн эргэлтэд оруулах санал гаргасан байсан. Мөн бэлчээрийн даац хэтрэхэд юу нөлөөлж байна гэхэд 18.3 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 30.2 хувь нь малын өсөлт, 14.1 хувь нь ямааны өсөлттэй холбоотой гэж үзсэн. Харин 8.8 хувь нь хүний хүчин зүйл, 28.6 хувь нь бэлчээрийг хуваарьтай ашиглаагүйгээс болж байна гэжээ. Бэлчээрийг сэлгэж өнжөөж ашиглах, олон наст тэжээлийн ургамал тариалах шаардлагатай үзсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  хэлтсийн дарга Б.Жавзандолгор ярьсан юм.

Мөн судалгаанд оролцсон малчдын 68,8 хувь малын хөлийн татварыг авах нь зүйтэй гэж үзэж, татварыг бэлчээр сайжруулах, усжуулах, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зарцуулах талаар санал өгсөн байна. Харин цөөн малтай малчдын хувьд татвар авах нь буруу гэж хариулжээ.
М.Батжаргал
 

Монгол брэнд