top banner
Шуурхай мэдээ

Хүчтэй аадрын улмаас Эрүүл мэндийн газар усанд автлаа


2017-08-09 17:04:39
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/Өнөөдөр 15 цагийн үед орсон аадар борооны улмаас аймгийн Эрүүл мэндийн газар усанд автаад байна. Барилгын нь подвалын хэсэг усаар дүүрч Онцгой байдлын газрын алба хаагчид усыг соруулах арга хэмжээ авч байна. 
Усанд автсан давхарт вакцин хадгалагдаж байсан бөгөөд ЭМГ- ын ажилчид, Онцгой байдлын алба хаагчид хамжин вакциныг усанд автахаас амжиж гаргасан боловч зарим вакцины хайрцаг сав норж, хөргөгчнүүд усанд автсан тул вакциныг өөр газарт шилжүүлэн, хадгалалтын хэвийн горимыг хангахаар яаралттай ажиллаж байна. 
Мөн барилгын усанд автсан хэсэгт бие бялдарын чийрэгжүүлэлтийн танхим, архив, аж ахуйн агуулах, түүнчлэн 380 квт- ын цахилгааны эх үүсгэвэр байршиж байсан нь усанд бүрэн автжээ. 
ЭМГ- ын барилга шинээр баригдаж ашиглалтад ороод гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Барилгыг барих зөвшөөрөл бүхий газар нь үерийн аманд байршилтай, барилгыг ашиглалтад оруулсан ч үерээс хамгаалах далан суваг хийгээгүй байна.  
Өнгөрсөн жилийн долдугаар сард ширүүн усархаг борооны улмаас архивын өрөөнд ус орж байсан тухай ЭМГ- ын ажилчид ярьж байна. 
Өнөөдөр орсон аадрын ус үелэн ирэхийг харсан даруйдаа тус байгууллагын ажилтнууд вакцинаа зөөхөөр доод давхар руу орсон. Тэгэхэд шилбээр татах устай байсан бөгөөд Онцгой байдлын газраас тусламж дууджээ. 20 орчим минутын хугацаанд подвалын хэсэг усаар дүүрсэн. Үүнээс амжиж вакцинаа гаргасан гэлээ. 
Аадрын үеэр тэмээний хорголын чинээ мөндөр орж, үүний улмаас Мандалговь хотоос холгүй оршдог амралт сувилалын газрын барилгын цонхнууд хагарсан байна. Айл өрхүүдээс ч хашаа нь усанд автсан тухай дуудлага ирж байгааг ОБГ- ын дарга Я. Алтанхундага мэдээллээ.
 

Т. Отгонтуяа
 
 

Монгол брэнд