top banner
Шуурхай мэдээ

Шүүгчдийн насыг нэмэгдүүлэх санал гаргажээ


2017-08-09 18:35:25
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэн бүрээр судлуулах, хэлэлцүүлэх ажлын хүрээнд 250 хүний бүрэлдэхүүнтэй сургалт Дорнод аймагт боллоо. Сургалтыг УИХ-ын Тамгын газрын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулсан юм.  

Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр аймгийн нийт 14 сум, 66 багийн Засаг дарга, ажлын албаны ажилтнуудад Үндсэн хуулийн төслийн талаарх мэдээллийг өгч, хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгуулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөсөн байна.
Энэ үеэр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүллээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Б.Гантулга: 35 хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг 40 нас, 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг 30 нас болгон өөрчлөх саналыг дэмжиж байна. Хүний гэм буруутайг дэнсэлдэг шүүгчдийн насыг улам нэмэгдүүлэх ёстой гэв. Харин Сэргэлэн сумын иргэн Ж.Чимгээ: Багийн Засаг даргыг харьяалах сумын Засаг дарга томилох асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, багийн Засаг даргаас төрийн албан хаагчийн шалгалт авдаг байх нь зөв гэх зэргээр иргэд саналаа хэлсэн юм.  Иргэдийн олонх нь нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйтэй гэдэгт санал нэгдэж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх аймгийн ажлын хэсэг энэ сарын 7-ноос эхлэн бүх сум багт ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд