top banner
Шуурхай мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн эмч нар тангараг өргөв


2017-08-10 10:31:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан энэ сарын 09-нд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө.

Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь  нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд  амласан юм.

Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулав.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын даргын санаачилгаар тус төвийн Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Баянхошууны замд 40 тонны чингэлэгт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч чадсан билээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 167 их эмч, 120 жолооч, өдгөө нийт 410 ажилтантай. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бөгөөд эмч нар хоёр ээлжээр ажилладаг аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долдугаар сарын байдлаар 184.700 хүнд үйлчилснээс 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэжээ.

Тус ёслолд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцов.

Ж.Болор

Монгол брэнд