top banner
Шуурхай мэдээ

Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тухай журмын төсөл боловсруулав


2017-08-10 11:08:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, санхүүгийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох зорилгоор НҮБ-ын тогтоолоор террорист гэж зарлагдсан байгууллага, этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргах, мэдээлэх, тэдгээрийн гүйлгээг түдгэлзүүлэх тухай журмыг шинэчлэн найруулжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тухай журам” гэж нэрийг нь өөрчлөн шинэчлэн боловсруулжээ.

Тус журмын зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад олон улсын эрх бүхий байгууллагаас үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, терроризм болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж зарлагдсан болон хориг арга хэмжээний жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалт (цаашид “жагсаалт” гэх)-ийг Санхүүгийн мэдээллийн алба (цаашид СМА гэх)-наас мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдэгдэх, холбогдох эрх бүхий хууль сахиулах байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, түргэн шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэх юм байна.
 
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны наймдугаар сарын 6-ны өдрийн  345 тоот тушаалаар НҮБ-ын тогтоолоор террорист гэж зарлагдсан байгууллага, этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргах, мэдээлэх, тэдгээрийн гүйлгээг түдгэлзүүлэх тухай журмыг баталсан түүхтэй.
 
Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь  өргөн хүрээтэй болж байгааг албаныхан онцлов.

 Б.Заяа
 

Монгол брэнд