top banner
Шуурхай мэдээ

Умард Солонгос Канадын номлогчийг суллажээ


2017-08-10 11:11:57
Зураг
ПХЕНЬЯН. /Reuters/. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Умард Солонгост хоригдсон Канадын номлогчийг Пхеньян лхагва гарагт суллажээ.

Умард Солонгосын холбогдох байгууллага 2015 онд Канадын номлогч Хен Су Лим-д “төрийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр чанга дэглэмтэй шоронд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Номлогч Хен Су Лим нь Өмнөд Солонгост төрсөн боловч Канадын иргэн болсон хүн аж.

Канадын Ерөнхий сайдын тусгай төлөөлөгч энэ долоо хоногийн мягмар гарагт Пхеньянд очиж, түүнийг суллуулах асуудлаар холбогдох хүмүүстэй хэлэлцээ хийсэн байна.

Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын Дээд шүүх номлогчийг “өвчнийг нь харгалзан үзсэний үндсэн дээр батлан даалт”-аар суллажээ.

Умард Солонгос энэ оны зургадугаар сард Америкийн оюутан Отто Уормбиерыг сулласан билээ. Умард Солонгост нэг жил гаруй хоригдсон тэрбээр эх орондоо ухаангүй байдалтайгаар ирснээсээ хойш удалгүй нас барсан юм.

Пхеньянд одоо солонгос гаралтай Америкийн гурван иргэн хоригдож байна.
Г.Доржханд




Монгол брэнд