top banner
Шуурхай мэдээ

Улсын хэмжээнд хоёр түймэр асч байна


2017-08-10 11:15:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа, нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 56000.8 га ой, 115907 га хээр, нийт 171907.8 га талбай түймэрт өртсөн байна ОБЕГ-аас мэдээллээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Эдгээр гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтой ажиллажээ.
 
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд нийт хоёр түймэр асч байгаа бол Ерөө сумын түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Түймрийн голомтод онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтай ажиллаж байгаа аж.

Ж.Болор

Монгол брэнд