top banner
Шуурхай мэдээ

Ганд тэсвэртэй улаанбуудайн үрийг Булган аймагт энэ жил туршлаа


2017-08-10 16:35:54
Зураг
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт бүс нутгийн онцлогт тохирсон ганд тэсвэртэй Сибирийн үрийг энэ хавар туршин тариалалт хийгээд байна.

Үр тарианы үр үржүүлгийн аж ахуйг Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд байгуулсан. Ганд тэсвэртэй, өндөр ургацтай, бүс нутгийн нөхцөлд тохирсон 3-5 сортыг үржүүлж аймгийн хэрэгцээг хангах зорилго тавьж байна. Энэ хавар ОХУ-ын Красноярск хотын ХАА-н их сургуультай хамтран Сибирийн үр тарианы гурван сортыг турших гэрээ хийж, Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК, Тэшиг сумын “Шинэ амжилт” ХХК дээрх сортын буудайг турших тариалалт хийлээ. Мөн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн  Эх газар” ХХК нутагшсан сортын үр үржүүлэхээр тариалсан гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярилаа.

Булган аймаг энэ жил 48433 га-д тариалалт хийснээс үр тариа 42873.7 га талбайд тариалсан юм. Хаврын нөөц чийг хангалттай байснаас үр тарианы соёололт 80 гаруй хувь нь сайн байсан ч зуны хэт халуун үр тарианы болцод нөлөөлж байгаа аж. Улаанбуудайн туршсан сорт гандуу байгаа энэ зун үр өгөөжөө харуулна гэж найдаж байна хэмээн Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд тайлбарлалаа.

М.Батжаргал

Монгол брэнд