top banner
Шуурхай мэдээ

“Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв


2017-08-11 12:03:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын 2 дахь долоо хоногийг эмнэлгийн ажилтны баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан “Энэрэнгүй  үйлстэн танаа” хүндэтгэлийн ажиллагааг өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа.

Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа зарим хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шагнаж урамшуулсан юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшилд 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж, 93.2 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь батлах хамгаалах, төмөр зам, боловсрол, цагдаа зэрэг бусад салбарын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Эрүүл мэндийн нийт ажилтнуудын 10.0 мянга нь их эмч, 1.5 мянга нь эм зүйч, 11.4 мянга нь сувилагч, 7.4 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтнууд иргэдийн эрүүл энхийн манаанд тангараг өргөн зүтгэж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэхүү хүндэтгэлийн ажиллагааг нээж хэлэхдээ,  “Салбарынхаа шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, салбарт тулгарсан олон асуудлуудыг шийдэж “Хүн төвтэй” бодлогоо хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаанд Төрөөс баримтлах  ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлсноос гадна улсын хэмжээнд түргэн тусламжийн машингүй байсан 177 сумыг машинтай болгож, бөөрний дутагдалтай иргэдийн бөөр орлох гемодиализын эмчилгээний тасгийг 21 аймагт байгуулж, санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлэж, үнэ төлбөргүй хийгдэх эмчилгээний жагсаалтад оруулсан. Түүнчлэн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгал болон улсын санхүүжилтээр хийгдэх болсон сайхан мэдээ байна. Мөн хилийн чанадад эмчилдэг байсан долоон өвчнийг эх орондоо бүрэн эмчилж эхэлсэн бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг шинжилгээнд оруулж, 12 хувийг нь хөнгөлөлттэй эмчилгээнд хамруулсан гээд хийж хэрэгжүүлсэн бахдам амжилтаар “Эмнэлгийн ажилтны баярын” өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна” гэв.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцов.
 
Ж.Болор

Монгол брэнд