top banner
Шуурхай мэдээ

Куба дахь гадаадын дипломат ажилтнууд яагаад дүлийрч байна вэ?


2017-08-11 13:15:39
Зураг
ОТТАВА. /ВВС/. Куба дахь Канадын ЭСЯ-ны ажилтнуудын нэгнийх нь чих дүлийрч, толгой нь байнга өвдөх болсон тухай Канадын ГХЯ мэдэгдлээ. Тус яам үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгалт явуулж эхэлсэн байна.

Кубын нийслэл Гавана хот дахь манай ЭСЯ-ны ажилтнуудын  бие мах бодид “хачин” шинж тэмдгүүд илрэх болсон гэж АНУ мэдэгдсэнээс нэг хоногийн дараа буюу өчигдөр Канад дээрх мэдэгдлийг хийлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Куба дахь гадаадын ЭСЯ-нууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг "хэт авианы төхөөрөмж" суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрч байж болзошгүй.

Харин Гавана энэ мэдээллийг үгүйсгэн няцаасаар байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан АНУ Вашингтоноос Кубын хоёр дипломатчийг уржигдар хөөсөн билээ.

Кубын ГХЯ мэдэгдэхдээ “Кубын нутаг дэвсгэрт гадаадын итгэмжлэгдсэн дипломат ажилтнууд болон тэдний ар гэрийнхний эсрэг ямар нэгэн ажиллагаа явуулахыг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Тэгвэл Канадын ГХЯ мэдэгдэхдээ “Чухам ямар шалтгааны улмаас дипломат ажилтнуудын чих дүлийрэх болсныг  олж тогтоохоор АНУ ба Кубын холбогдох албаны хүмүүстэй манай улсын Засгийн газар хамтран ажиллаж байна” гэлээ.

Гуравдагч улс орнууд, тухайлбал ОХУ энэ хэргүүдийн ард байж магадгүй гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн “AP” агентлагт мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Америкийн таван дипломат ажилтны чих юм сонсохоо байжээ.
 
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.
Г.Доржханд

Монгол брэнд