top banner
Шуурхай мэдээ

"Тайпэй-2017" их наадамд Монголын баг тамирчид 9 төрөлд өрсөлдөнө


2017-08-11 14:30:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадам энэ сарын 19-31-нд Тайванийн Тайпэй хотноо болно.

Тус наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр БСШУСЯ-нд боллоо.

Энэхүү наадамд 162 орны 12 мянга 500 төлөөлөгч оролцож, спортын 19 төрлөөр өрсөлдөх юм.
Энэ үеэр  БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа. Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөх юм.
Энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчдаа дэмжсэн байна. 
 
Арга хэмжээнд “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. 
 
Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл,  нийт 50 медаль хүртэж байв. 
 

Монгол брэнд