top banner
Шуурхай мэдээ

БНАСАУ-ын Засгийн газар албан ёсны мэдэгдэл хийв


2017-08-11 17:06:55
Зураг
ПХЕНЬЯН. /БНАСАУ-ын Засгийн газар/. БНАСАУ-ын Засгийн газраас энэ долоо хоногийн эхээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан албан ёсны мэдэгдлийг Улаанбаатар хот дахь тус улсын ЭСЯ МонЦаМэ агентлагт илгээжээ.

Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын цөмийн зэвсэг тоо болоод чанарын хувьд өсөж сайжирч байгаатай холбоотойгоор АНУ тэргүүтэй дайсагнагч улс орнууд бидний эсрэг хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлж, өдөөн хатгах нь нэмэгдсээр байна. Тив алгасах баллистик пуужингийн туршилт хийж байгаа нь олон улсын энх тайван ба аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэсэн АНУ-ын ятгалгаар БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийг бүрэн зогсоож, ард иргэдийн аж амьдралыг доройтуулах 2371 тоот “хориг арга хэмжээний тогтоол”-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 8 дугаар сарын 6-нд баталлаа. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын энэ тогтоол бол БНАСАУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлаж, дарж авах гэсэн АНУ-ын “арчаагүй оролдлого"-ын үр дагавар юм. БНАСАУ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шударга бөгөөд хууль ёсны арга хэмжээг авахад бэлэн байна.

АНУ хагас зуун жил гаруйн хугацаанд БНАСАУ руу чиглэсэн дайсагнасан бодлого баримталлаа. БНАСАУ тив алгасах баллистик пуужингийн туршилтаа амжилттай болсныг зарласан нь БНАСАУ-ын эсрэг цэргийн өдөөн хатгалга, эцэс төгсгөлгүй хориг арга хэмжээгээ дуусгавар болгохыг АНУ-д хатуу анхааруулж буйгийн илрэл юм.

Гэвч АНУ энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг дагаж мөрдөхийн оронд БНАСАУ руу “цөхрөлтгүй” дайрч давшилсаар байна. АНУ Солонгосын хойгт дайн дэгдээхийг оролдож, манай улсыг өдөөн хатган цэргийн сургуулилтууд хийж, Солонгосын хойгийн хойд хэсэгт олон тооны стратегийн зэвсгүүдийг байрлуулсан.

Хэрвээ АНУ БНАСАУ-ыг дарангуйлах гэсэн оролдлогуудаа зогсоохгүй бол бид ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй гэдгийг хатуу анхааруулж байна. БНАСАУ энх тайван байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ өөрсдийн сонгосон замаар эргэлт буцалтгүйгээр явах гэсэн хоёр замаар нэгэн зэрэг явах болно” гэжээ.

Г.Доржханд

Монгол брэнд