top banner
Шуурхай мэдээ

Залуучуудын хөгжлийн сарын аяны нээлт “Гэрэлт гудамж”-нд болно


2017-08-11 17:20:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “Залуучууд=Эерэг өөрчлөлтийн хүч”  уриан дор зохион байгуулахаар боллоо.

Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу энэ сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн  захиргааны анхны байгууллагын хувьд энэхүү сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, “Эерэг Улаанбаатар 2017” олон улсын залуучуудын фестиваль,  “Бид зорилготой залуус” форум уулзалт, “1000 Морьтны фестиваль” зэрэг арга хэмжээ болно.  Энэхүү сарын аяны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа маргааш 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэв.

Тус аяны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг зэрэг арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах аж.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар  болон Иргэний боловсролын төв, НҮБ-ын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үеэр аяныг дэмжин оролцож буй  байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах аж.

Ж.Болор




Монгол брэнд