top banner
Шуурхай мэдээ

Энэтхэгийн эмнэлэгт 30 хүүхэд "гэнэт" нас баржээ


2017-08-12 10:36:18
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн нэгэн эмнэлэгт 30 хүүхэд гэнэт нас барсантай холбогдуулан тус улсын холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгалт явуулж эхэлжээ.

Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 5-12 насны 30 хүүхэд Уттар-Прадеш мужийн Горакур хотын эмнэлэгт пүрэв гарагаас баасан гарагийн хооронд нас барсан байна.

Хүүхдүүд япон энцефалит хэмээх шумуулаар дамждаг өвчин туссан оноштойгор эмнэлэгт хэвтсэн аж. Япон энцефалит гэдэг нь вирусээр үүсгэгддэг, шумуулаар дамжин халдварладаг, богино хугацаанд тархи, нугас, тархины зөөлөн бүрхүүлийг гэмтээдэг цочмог халдварт өвчин гэнэ.

Хүчил төрөгчийн аппаратанд хийдэг шингэн хүчил төрөгчийг нийлүүлэгч компани "эмнэлэг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй" гэх шалтгааны улмаас нийлүүлэлтээ зогсоосноор хүүхдүүд хүчил төрөгчийн дутагдалд орж, амиа алдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг бид авсан гэж мөрдөн байцаагчид хэлэв.

Гэхдээ тус эмнэлгийн эмч нар энэ мэдээллийг үгүйсгэн няцаалаа.

Хэргийн шалтгааныг олж тогтоож, холбогдох хүмүүст арга хэмжээ авах ажлын хэсгийг Уттар-Прадеш мужийн захиргаа тус эмнэлэг рүү илгээсэн байна.

Г.Доржханд



Монгол брэнд