top banner

Хятад улс нийгмийн сүлжээний гурван том компаниа шалгаж байна


2017-08-12 11:34:36
Зураг
БЭЭЖИН. /Reuters/. Хятад улс интернэтэд тавих хяналтаа чангатгасаар байна.

Кибер аюулгүй байдлын шинэ хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нийгмийн сүлжээний гурван томоохон компанийг тус улс шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Хятадын "Твиттер" гэгддэг “Sina Weibo”, хятадуудын өдөр тутмын харилцааны гол хэрэгсэл болсон “Wechat” болон Хятадын "Google" гэгдэг “Baidu” компанийн харьяа “Tieba” сайтыг шалгаж байгаа аж.

Тус улсын Кибер аюулгүй байдлын газар баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Энэ гурван сайтын хэрэглэгчид хүчирхийлэл, терроризм, худал цуурхал, садар самуунд уриалсан зураг ба бичлэг болон нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бусад мэдээллийг тарааж байна. Нийгмийн сүлжээний оператор компаниуд энэ мэт хууль бус агуулгатай мэдээ мэдээллийг шуурхай устгах арга хэмжээ авахгүй байна” гэв.  Дээрх гурван компанид ямар шийтгэл ногдуулах нь хараахан тодорхойгүй байна.

Харин мөрдөн шалгалт явуулж байгааг Хятадын интернэт хэрэглэгчид эрс шүүмжилж байна. Нэгэн хэрэглэгч “Энэ маягаар эрх баригчид нэг л өдөр интернэтийг бүр мөсөн тасалж магадгүй” гэж бичжээ.

“Худал мэдээлэл тарааж байна” гэх үндэслэлээр өнгөрсөн сард Хятадын Кибер аюулгүй байдлын газар 300 гаруй нийгмийн сүлжээ хэрэглэгчийн хаягийг хаасан юм.
Г.Доржханд




Монгол брэнд