top banner
Шуурхай мэдээ

"Битлз"-ийн хөшөө эрсдэлд ороод байна


2017-08-12 11:45:23
Зураг
УЛААНБААТАР. /Reuters/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг, домогт “Битлз” хамтлагийн хөшөө газартай холбоотой асуудлын улмаас эрсдэлд ороод байна. Нэгэн цагт сэлүүхэн байсан Улаанбаатар нь одоо эмх замбараагүй, хөл гишгэх зайгүй хотуудын нэг болжээ.

ЗХУ-ын дагуул байсан Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнд зориулан барьсан “Гайхамшигт дөрөв”-ийн хүрэл хөшөө байдаг “Битлзийн талбай” гэж нэрлэгдэх болсон газарт арилжааны зориулалттай барилгын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг ойр хавийн оршин суугчид эсэргүүцэж байна.

“Энэ газарт барилга барих гэж байгаа гэсэн яриа гараад нэлээд удаж байна. Гэхдээ хэн ч үүнд итгэхийг хүсээгүй” гэж “MAD Investment Solutions” группын захирал Ц.Уянга хэлэв.

Улстөрчид, бизнес эрхлэгчид болон урлаг соёлынхны өгсөн хандивын мөнгөөр  2008 онд босгосон уг хөшөөний талбайд монголчууд цуглан барууны поп хөгжмийн тухай яриа өрнүүлж, жуулчид ч олноороо очдог юм.

Тус талбайд барилгын ажил удахгүй эхлэх тухай энэ сары 2-нд мэдэгдсэнээр оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Ойр орчмын оршин суугчид энэ барилгын төслийг “газар булааж байгаа хэрэг” гэж үзэж, “Битлз”-ийн хөшөөг өөр тийшээ шилжүүлж эсвэл нурааж болзошгүй гэж эмээж байна.

Харин төслийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн ярьснаар, тус талбайг “авто машингүй гудамж” болгон тохижуулж, газар доор нь худалдаа үйлчилгээний цогцолбор байгуулах гэж байгаа бололтой.
 
"Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг нураахгүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр, ажлын байрыг нэмэгдүүлж, замын түгжрэлийг бууруулах болно” гэж Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр мэдэгдлээ.

Тус ассоциаци, хотын захиргаа болон “Бүти” ХХК төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүн амынх нь тоо хоёр дахин нэмэгдсэн Монгол Улсын нийслэл хотын хувьд замын түгжрэл болон агаарын бохирдол нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Улаанбаатар хотын хот төлөвлөлтийг муу хийсэн, нийтийн эзэмшлийн газрыг аль хөрөнгө чинээтэй хүмүүс “мөнгөөр зодож” авч байна гэж ард иргэд шүүмжилж байна.

https://www.reuters.com/article/us-mongolia-beatles-idUSKBN1AS023

Г.Доржханд

Монгол брэнд