top banner
Шуурхай мэдээ

У.Болт спортын замналаа "амжилттай" өндөрлөж чадсангүй


2017-08-13 10:35:02
Зураг
 ЛОНДОН. /ВВС/. Лондон хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт уралдааны явцад бэртсэнээр Их Британийн баг түрүүллээ.

4x100 м-ийн буухиа гүйлт өчигдөр буюу бямба гарагт болсон байна.

Сүүлийн есөн жилийн хугацаанд 100 м-ийн гүйлтийн төрөлд ноёрхож байсан “Цахилгаан” хочит У.Болт энэ сарын 5-нд болсон болсон 100 м-ийн гүйлтэд Америкийн тамирчин Жастин Гэтлин, нутаг нэгт тамирчин Кристиан Коулман нарын ард орж, хүрэл медаль хүртсэн билээ.

У.Болт өчигдөр барианд орохоос ердөө 30 м-ийн наана хөлөндөө бэртэл авчээ. Гэсэн хэдий ч энэ ДАШТ-ээр тамирчны замналаа өндөрлөх гэж буй тэрбээр уралдааны дараа "хөлөө чирсээр" барианы шугамыг давсан юм.

100м болон 200 м-ийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрбээр олимпын найман алтан медальтай билээ.
Бүх цагийн үеийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчдын нэг тэрбээр өнгөрсөн онд 34.2 сая долларын орлого олжээ.

“Лондон-2017” хөнгөн атлетикийн ДАШТ-ий 4х100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд талбайн эзэн Их Британийн баг 37.47 секундийн амжилтаар алтан медаль, АНУ-ын баг 37.52 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Японы баг 38.04 секундээр хүрэл медаль хүртжээ.

Хоёр жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байсан Хятадын баг 38.34 секундээр дөрөвдүгээр байрт орсон байна.



 
Г.Доржханд

Монгол брэнд