top banner

Йеменд холерын халдвар авагсдын тоо хагас саяас давжээ


2017-08-15 14:57:43
Зураг
САНАА. /Anadolu/. Дайн байлдааны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад энэ он гарснаас хойш булчин задрах тахал буюу холер өвчний халдвар авсан хүмүүсийн тоо хагас саяас даваад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

ДЭМБ-аас өчигдөр буюу даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсад дөрвөн сарын өмнөөс дэгдэж эхэлсэн булчин задрах тахлаар 503848 өвчилсний 1975 нь нас баржээ. Халдвар авагсдын тоо өдөрт 5000-аар нэмэгдэж байгаа аж.

Засгийн газрын хүчнийхэн болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд хоёр жилийн өмнө дайн дэгдсэнээс хойш тус улсын эрүүл мэнд, ус ба ариун цэврийн байгууламжууд эвдэрч сүйтгэгдсээр байна.

Холер буюу булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.

Энэ оны эцэс гэхэд халдвар авагсдын тоо 600-аас давж болзошгүй байна гэж Олон улсын УЗН анхаарууллаа.

ДЭМБ-ын албаны хүмүүс холерын тархалтыг зогсоохын тулд цаг нартай уралдан ажиллаж байгаа аж.

Холерын тархалт ингэж хүрээгээ тэлж байсан тохиолдол дэлхийн түүхэнд үүнээс өөр байхгүй аж.

Энэ өвчний тархалтыг дарахад туслахыг ДЭМБ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Г.Доржханд

Монгол брэнд