top banner

30 гаруй орны төлөөлөгчид хөдөлмөрийн харилцаанд гарч буй асуудлыг хэлэлцэж байна


2017-08-16 15:59:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ази Номхон далайн бүс нутийн хэмжээнд үйлдвэрчний эвлэлийн эрх,  хөдөлмөрийн харилцаанд гарч буй асуудлуудыг хэлэлцэх Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг хуралдаан манай улсад анх удаа болж буй бөгөөд Япон, Солонгос, Энэтхэг, Австрали, Сингапур, Малайз зэрэг 30 гаруй орны Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

ОУҮЭХ-ны Ази Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд үйлдвэрчний эвлэлийн эрх, хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд гарч буй асуудлуудыг хэлэлцэн, ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн байгууллагаас явуулах үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө, тайлан болон 2018 оны үйл ажиллагааны төсвийг батлах аж.

“Уг арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар Ази номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийн хүрээнд гарсан ололт, амжилтыг бусад улс орны Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагуудын удирдлагуудтай хуваалцах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой” хэмээн МҮЭХ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Амарсанаа онцлов.      

ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн хуралдааныг улс орондоо зохион байгуулах эрхийн төлөө Монгол, Тайван, Индонези улс өрсөлдөж манай орон шалгарсан байна.
Л.Нандиа

Монгол брэнд