top banner
Шуурхай мэдээ

М.Шараповад Америкийн нээлттэй тэмцээнд “wildcard”-аар оролцох эрх олгов


2017-08-16 18:07:38
Зураг
МОСКВА. /TASS/. Оросын алдарт теннисчин Мария Шарапова-д US Open буюу Америкийн нээлттэй тэмцээнд “wildcard”-аар оролцох эрх олгожээ. Энэ тухай уг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдэгдлээ.

“Wildcard” өгнө гэдэг нь сорилго тэмцээнд унасан эсвэл дэлхийн чансаанд тодорхой шалтаан, тухайлбал бэртлийн улмаас бичигдээгүй тамирчдыг  тэмцээнд урьж оролцуулах гэсэн үг юм.

24 сая долларын шагналын сантай Америкийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 10-ны хооронд Нью-Йорк хотод болно.

Цагтаа чансаагаараа дэлхийд нэгдүгээр бичигдэж байсан, өдгөө 30 настай М.Шарапова “wildcard”-ыг хүлээж авах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Тэрбээр одоогоор зүүн шуундаа бэртэлтэй байгаа аж.

Хэрвээ US Open-д оролцвол энэ нь түүний хувьд сүүлийн 18 сарын хугацаан дахь анхны “Их дуулга” тэмцээн болох юм.

Австралийн нээлттэй тэмцээний үеэр сэргээшийн төрөлд хамаарах хориотой эм хэрэглэсэн нь  шинжилгээгээр тогтоогдсоноор тэрбээр теннис тоглох эрхээ 2016 оны зургадугаар сард хоёр жилээр хасуулсан билээ. Гэхдээ тэрбээр Спортын арбитрын шүүхэд давж заалдсанаар хоригийн хугацааг 15 сар болгон багасгуулж чадсан.

М.Шарапова нь “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлж байсан дэлхийн од тамирчин юм. Тодруулбал, тэрбээр 2008 оны Австралийн нээлтэй тэмцээн, 2012 ба 2014 оны Францын нээлттэй тэмцээн болон 2006 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан билээ.

Мөн тэрбээр 2012 оны Лондоны зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.
 
Г.Доржханд
 

Монгол брэнд