top banner
Шуурхай мэдээ

Үнэгүй сургалтад хамрагдсан залуус мэдээллийн технологийн чиглэлээр Солонгост ажиллана


2017-08-21 13:43:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн чиглэлээр үнэгүй  сургалтад хамрагдсан  залуус богино хугацаанд эзэмшсэн мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр  Солонгос улсыг зорихоор болсон байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилттэй Эм Кэй Ай Ти  /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулж ирсний үр дүн эхнээсээ ийнхүү гарч байна.

Сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгон ажиллаж байгаа юм. Дээрх төвд суралцсан дөрвөн залуу маргааш Солонгос улсыг зорих бөгөөд тэд мэдээллийн технологийн компанид ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир ярихдаа, “Бид залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой хобби клубуудыг дэмжих, залуучуудыг мэдээллийн технологи болон гадаад хэлийг сайжруулж, мэргэшүүлэх, гарааны бизнесийг дэмжих оффис, компьютер, интернет үйлчилгээгээр үнэ төлбөргүй ханган ажиллаж байна. Манай сургалтын төвд суралцсан залуучууд БНСУ-ын найман  аж ахуйн нэгжийн аутсорсинг захиалгыг тогтвортой гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлнэ.  Тухайлбал наймдугаар сарын 22-нд БНСУ-руу дөрвөн суралцагч маань мэдээллийн технологийн чиглэлээр 3 сарын хугацаанд дадлагажигчаар  явна.  Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвд Програмчиллын ангийг амжилттай төгсөгч Л.Бадрал,  Г.Бат нар “ХҮИЗ” Холдинг компанид, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр нар нь “МИКА” ХК-д  ажиллах юм.
Монгол Улсын ирээдүйг мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжил авч явах тул залуучуудаа жава, веб хөгжүүлэгч, веб дизайн, веб админстратор, /JAVA, Web designer, Web developer, Web administrator/ зэрэг 1-3 сарын хугацаатай үнэ төлбөргүй сургалтад хамруулж байна.  Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжин шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргахаас гадна тус төвд бүртгүүлэн амжилттай ажиллаж буй залуучуудад  сар бүр 440 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

Энэхүү төслийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилтээр Эм Кэй Ай Ти /MKIT/  сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд БНСУ-ын мэдээллийн технологийн хэд хэдэн аж ахуйн нэгжүүд дэмждэгээрээ онцлогтой.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь залуучуудыг дэмжин хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх, бидэнд хязгааргүй нөөцтэй мэдээллийн технологийн салбар нээлттэй байгаа гэдгийг тэдэнд ойлгуулах, боломж бололцоог нь нээх чиглэлээр ажиллаж байна. Сургалтууд  үнэ төлбөргүй учир залуучууд  хичээх л үлдлээ” гэв.

Б.Заяа

Монгол брэнд