top banner
Шуурхай мэдээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар сүлд дуутай боллоо


2017-08-21 14:47:03
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар  нь байгууллагын сүлд дуутай боллоо.

Гал түймэр унтраах, аврах 12-р анги байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг тохиолдуулан МУСТА С.Оюунчимэгийн үг, "Морин хуурын чуулга"-ын удирдаач Д.Түвшинсайханы ая “Бид Онцгойгийнхон” хэмээх дуу шинээр мэндлээд байна.

Дуу бүтсэн талаар МУБТАМУСТА, Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг хэлэхдээ “Онцгой байгууллагын албатай миний ажил, амьдрал салшгүй холбоотой. Би олон сайхан үрсийг харж хамгаалж, эрүүл, аюулгүй, тайван орчинд өсгөн хүмүүжүүлэх ажлыг хариуцдаг учраас Онцгой байдлын албатай үргэлж хамтран ажиллаж байдаг. Нөгөө талаар миний бага хүү, миний охин дүү энэ албанд, Өвөрхангайн ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалахын төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллаж байна. Тиймээс би энэ албаныхны ажлын онцлог, ур чадвар, сэтгэл, зүтгэлийг мэднэ. Түүний зэрэгцээ тэнд олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эмэгтэйчүүд хатуу хүтүүгээс шантрахгүй ажиллаж байгааг дуундаа илүү харуулахыг хичээсэн” хэмээлээ.
“Өвгөд дээдсийн шийрлэсэн тулганд
Төв халхын нэрийг мөнхлөн асаасан
Өврийн сайхан хангай нутгийнхаа
Өнө мөнхийн бахархал – Бид онцгойгийнхон” хэмээх сайхан үгстэй энэ дууг залуу дуучин н.Мөнхжаргал дуулж, олны хүртээл болгоод байна. Уг дуу нь С.Оюунчимэг багшийн дөрөв дэх уран бүтээл юм.
Б.Батчимэг

Монгол брэнд