top banner

Багш нар Ерөнхийлөгч болон эцэг, эхчүүдээс тусламж хүслээ


2017-08-21 16:19:52
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хороонд нэгдэхээ бичгээр илэрхийлж, 4615 багш гарын үсэг зуржээ. Мөн Цахим шуудан болон олон нийтийн сүлжээгээр өгсөн 11 мянга гаруй гарын үсэг цугласан байна. 

“Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос Ерөнхийлөгч Х.Баттулга болон эцэг эхчүүдэд хандан уриалга гаргаснаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд цалингаа бүс нутгийн түвшинд хүргэн нэмэгдүүлэх үндсэн шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа билээ. Түр хорооны ажлын явцын талаар дэд зохицуулагч, Мэдээлэл, технологийн багш Б.Бат-Эрдэнэ “Бид Засгийн газарт гурван агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн бөгөөд хариуг наймдугаар сарын 24-нд хүлээж авна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээ зохион байгуулна. Одоогоор манай түр хороонд нэгдэхээ бичгээр мэдэгдэж, гарын үсгээ цуглуулж өгсөн 4615 гишүүн бий. Үүнээс гадна бидэнд и-мэйлээр болон олон нийтийн сайтаар өгсөн 11 мянга гаруй гарын үсэг байна. Багш нар өнөөдрөөс эхлэн сургалт, семинар гээд цуглаж байгаа учраас цаашид энэ үйл ажиллагаа маань улам өргөжнө” гэв.

Монголын эцэг эхчүүд болон Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан уриалгад дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөхийг хүсчээ. Үүнд:
  • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх,
  • -Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсний шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх,
  • -Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч, чадвартай, хариуцлагатай, ухамсартай, соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьяалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байхыг уриалсан байна.
Харин Эцэг эхчүүдэд хандсан уриалгад "Бидний энэхүү тэмцэл, хөдөлгөөн, язгуур мөн чанараараа Монгол хүний хөгжлийн төлөө, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, Монгол Улсыг хүний оюуны чадамжид тулгуурласан зөв хөгжилд хүргэхийн төлөөх их үйлсийн эхлэл юм. Иймд багшийн цалингаа нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцлийг эцэг эхчүүд, хүүхэд залуучууд, татвар төлөгчид, нийт Монголчууд зөвөөр тусган авч биднийг дэмжихийг уриалж байна" гэжээ. 
 
М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд