top banner

МУИС-ийн багц цагийн төлбөр нэмэгдсэн жилийн төлбөр буурсан гэв


2017-08-22 15:14:17
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн сургалтын төлбөрийн талаар МУИС-ийн захиргаанаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд танилцуулснаар, МУИС-ийн хувьд сургалтын төлбөрийг багц цагийн төлбөр, суурь буюу нийтлэг үйлчилгээний хураамж хэмээн дотор нь ангилсан байдлаар тогтоож, 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж байсан. Нийтлэг үйлчилгээний хураамж гэдэгт захиргааны зардал, их болон урсгал засвар, номын сан, оюутны хөгжил, сургалтыг дэмжсэн орчин, нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой үйлчилгээний зардал багтдаг. 2016 оны 12 дугаараас сараас эхлэн суралцагч оюутнуудын зүгээс энэхүү суурь хураамжийг авч байгаа нь хэр үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг МУИС-ийн захиргаанд гаргасан.

Энэ дагуу МУИС-ийн “суурь хураамж”-ийн тухай асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг МУИС-ийн Удирдах зөвлөл, Оюутан конгресс, МУИС-ийн захиргаа, багш, оюутны төлөөллийг оролцуулан байгуулж ажилласан. Тус ажлын хэсгээс дараах гол дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэхийг санал болгосон байна. Үүнд, суурь хураамжийн төлбөр, сургалтын багц цагийн төлбөрийг нэг дансанд төвлөрүүлэн авдаг ч ижил үйлчилгээний зардлыг давхардуудан тооцож авсан зүйл байхгүй; хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид “суурь үйлчилгээний хураамж” гэсэн төлбөрийн тухай ойлголт байхгүй; холбогдох хууль тогтоомжид заагаагүй “Суурь буюу нийтлэг үйлчилгээний хураамж” гэсэн нэршилтэй төлбөр, хураамж авахыг цаашид зогсоох; суурь хураамж авахгүй болохтой холбогдуулан сургалтын бүх үйл ажиллагааны зардлыг багц цагийн төлбөрт шингээн тооцож, багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоон, сургалтын багц цагийн төлбөрт орох өөрчлөлтийн санал боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан, мөрдүүлэхийг даалгасан байна.

Улмаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар сургалтын багц цагийн төлбөрийг өөрчлөх саналыг оруулж, 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын төлбөрийг шинэчлэн батлуулжээ. 

МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилээс суурь хураамж авахгүй бөгөөд сургалтын нэг багц цагийн төлбөрт суурь хураамжийг шингээх, ингэхдээ дунджаар суурь төлбөрийн 60 хувиас хэтрэхгүй дүнг багц цагийн төлбөрт шингээх, үргэлжлэн суралцагч оюутнуудын нэг хичээлийн жилд төлөх нийт төлбөр өмнөх оныхоос өсөхгүй байх зарчмыг баримталсан байна.

Ийнхүү сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахад, үргэлжлэн суралцагч оюутны нэг багц цагийн төлбөр дунджаар 4,100 төгрөгөөр өсч харагдаж байгаа ч нэг оюутан хичээлийн жилд дунджаар 30 багц цаг судална гэж тооцвол, жишээлбэл, Шинжлэх ухааны сургуульд 2016-2017 онд нэгдүгээр түвшинд суралцаж байсан оюутан 2,630,000 төг төлж байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд хоёрдугаар түвшинд суралцахдаа 2,529,000 төг төлөхөөр болж байна. Энэ нь өмнөх оны төлбөрөөс даруй 101,000 төгрөгөөр буурч байна гэсэн үг. Үргэлжлэн суралцагч бүх түвшний оюутнуудын хувьд жилийн төлбөр 101,000 төгрөгөөр буурсан.

МУИС-ийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй бөгөөд цаг үеийн хэрэгцээ шаардлага, суралцагч оюутнуудын хүсэлтийн дагуу сургалтын багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоосон гэдгээ мэдэгдэв.

Бүрэлдэхүүн сургууль тус бүрээр шинэчилсэн төлбөрийг дор хавсралтаар харуулж байна.

 

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд