top banner
Шуурхай мэдээ

Баримт бичиг нэгтгэх, боловсронгуй болгох арга зүйг танилцууллаа


2017-08-22 16:26:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ болон Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв баримт бичгийг нэгтгэх, боловсронгуй болгох арга зүйг танилцуулах сургалт, семинар”-ыг зохион байгуулав.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрсөн жил Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт гарсан ахиц дэвшил болон байгаль орчны олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх чиглэлийг БОАЖЯ-нд өгсөн. Үүний дагуу БОАЖЯ НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комисс болон НҮБ-ын харьяа Европын эдийн засгийн комисст хамтран ажиллах хүсэлт тавьж, “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” гэсэн гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх асуудалтай холбогдуулан БОАЖЯ-наас “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ болон Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв баримт бичгийг нэгтгэх, боловсронгуй болгох арга зүйг танилцуулах сургалт, семинар”-ыг зохион байгуулав.

Сургалт, семинарт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данела, Гаспарикова,  НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комиссын төлөөлөгчид зэрэг албан тушаалтнууд оролцож байгаа юм. Энэ сарын 22, 23-нд болох уг сургалт, семинараар Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого болон НҮБ-ын суурь 3 конвенцийн харилцан хамаарал, хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв тойм баримт бичиг боловсруулах ажлын явц зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцэж байна.
Н.Туяа

Монгол брэнд