top banner

Шинэ ерөнхийлөгчийн гадаад бодлогыг илэрхийлэх боломж гэж энэ форумыг харж байна


2017-08-23 13:12:00
Зураг
     Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 5-7-нд ОХУ-ын Владивосток хотод болох “Дорнын эдийн засгийн форум”-д оролцох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа.
 
ЭВТЭЙ НАЙРТАЙ,  ЭРХ ТЭГШ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭНЭ

   -Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гадаад бодлогодоо ямар зарчим, чиглэл баримтлах нь вэ гэдгийг манай улсын хоёр хөрш ОХУ, БНХАУ төдийгүй “гуравдагч хөрш” гэгддэг бусад орон ч сонирхож байгаа байх. Ерөнхийлөгчийн гадаад бодлогод баримтлах үндсэн зарчмыг Та тайлбарлаж өгнө үү?

    -Монгол Улс бол төрт ёсны эртний түүхтэй. Шинэ түүхэндээ ч Ерөнхийлөгч, парламентын сонгуулийг явуулж ирсэн орон. Энэ утгаараа манайд нэг тогтсон уламжлал байдаг. Нэг хүн гарч ирээд бодлогыг тэр чигээр нь өөрчлөх боломж байхгүй. Ийм учраас ямар ч тохиолдолд бодлогын залгамж халаа хадгалагдана.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажилдаа ороод 2 сар орчим хугацаа өнгөрч байна. Төрийн тэргүүн дипломатч гэдэг утгаараа Ерөнхийлөгч яах ч аргагүй гадаад бодлого дээр анхаарч ажиллана. Ингэхдээ Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу ажил, үүргээ явуулна. Гэхдээ шинэ Ерөнхийлөгчид хувь хүний өөрийн гэсэн арга барил, зарчим бий. Тэрийгээ ч ажил авснаасаа хойш илэрхийлж байгаа. Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу хоёр хөрштэйгөө эн тэнцүү харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт юм. Тийм учраас Ерөнхийлөгч саяхан өгсөн ярилцлагадаа “Гадаад дахь айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Юуны өмнө бид хоёр хөрштэйгээ эвтэй найртай, сайн хөршийн харилцаатай байж, эрх тэгш харилцааг эрхэмлэнэ. Ингэж байж Монгол Улс цаашдаа бүс нутагтаа амжилттай ажиллана. Мөн гуравдагч хөршийн орнуудтай харилцах харилцаанд онцгой анхаарна” гэсэн. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа дээрээ ч энэ санаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш болон гуравдагч хөрштэйгээ нягт хамтарч ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө бизнесийн салбараас гаралтай хүн. Нөгөө талаар өмнө нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт тодорхой санаачилга гаргаж томоохон ажлууд хийж байсан хүн. Тийм учраас ихээхэн шуурхай ажиллаж, танилцах ч юм байхгүй ажилдаа шууд орж байгаа.

Ерөнхийлөгчийн зарчим бол нэгдүгээрт, хоёр хөршийн Монголд үзүүлж байгаа нөлөөг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар тэнцвэржүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Одоо бол харилцаа нэг тал руугаа хэт хэлбийчихэж гэж үзээд ОХУ-тай шинээр томоохон төслүүд эхлүүлэх ёстой гэсэн зорилт тавиад байна. Энэ талаараа удахгүй ОХУ-ын удирдлагатай уулзахдаа ярилцахаар төлөвлөж байна.  Үүнд, төмөр замын асуудлаас эхлүүлээд хөдөө аж ахуйн салбар гээд маш олон чиглэлээр эрчимтэй ажиллана гэсэн  зорилт тавьж, үүнийгээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа. Хоёрдугаарт, өнгөрсөн сонгуулийн өмнө, мөн сонгуулийн үеэр Ерөнхийлөгчийг Хятадын эсрэг үзэлтэн хэмээсэн яриа гарсан. Энэ бол ор үндэсгүй зүйл. Энэ байр сууриа Хятадын төлөөлөгчтэй уулзахдаа ч Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Хамгийн гол нь хоёр хөрштэйгээ харилцан ашигтай, аль нэгнээ хохироохгүй харилцах ёстой л гэж үзэж байгаа. Өөрөө бизнесийн салбараас гаралтай хүн учраас худалдаа, бизнес бол аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой гэх зарчмаар бид хөрштэйгээ харилцана гэсэн ийм бодлогыг баримталж байгаа.

   Гуравдагч хөрш орнуудтай харилцах харилцааны хувьд Монгол Улс бол хоёр том гүрний дунд хавчуулагдсан. Ялангуяа түүхий эдээ зөвхөн нэг зах зээл рүү гаргаж байна. Энэ нь мэдээж БНХАУ. Үүнийг бодлого гэж хэлэх үндэслэлгүй болоод байна. Тиймээс Монгол Улс энэ талаар тодорхой бодлого боловсруулах шаардлагатай. Ялангуяа уул уурхай, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулах, өндөр технологи ашиглаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ хөрш орнуудын зах зээлээс гадна гуравдагч орны зах зээлд гаргах шаардлага байна. Үүний тулд өндөр технологи оруулж ирж, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн хийж гуравдагч орон руу гаргах зорилт тавьж байгаа. Энэ талаар Ерөнхийлөгч холбогдох газруудыг шахаж, манлайлж ажиллана. Хүнээ хөгжүүлэх, сургах, ажлын байр бий болгох гэх зэрэг бусад олон асуудал үүнтэй хамт шийдвэрлэгдэнэ гэж Ерөнхийлөгч харж байгаа.

   - Монгол Улсад сүүлийн жилүүдэд гадаад харилцааг эдийн засагжуулах тухай багагүй ярих болсон. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ асуудалд онцгойлон анхаарч, бодит ажил хэрэг болгох алхам хийх нь гэж ойлгож болох уу?

    -Үндсэндээ тэгж ойлгож болно. Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч өөрөө бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд прагматик байр сууринаас асуудалд хандаж байгаа нь ажил авснаасаа хойш хийсэн хоёр талын уулзалтуудаас харагдаж байгаа. Гадаадын Элчин сайд нартай уулзахдаа юуны түрүүнд худалдааны эргэлтийн хэмжээг л асууж байна.
Мэдээж соёлын болон улс төрийн харилцаа анхдагчаар явж байгаа ч харилцан ашигтай худалдаа гэдэг бол аливаа харилцааны үндэс.  Даяаршлын энэ үед прагматик байя гэвэл худалдааны харилцаа бодит үр дүн болох ёстой. Хоёр талын харилцааны түвшингийн илэрхийлэл ч үүгээр хэмжигдэнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа. Тэрбээр Монгол Улсаас гадаад улсуудад сууж байгаа Элчин сайд нарт “Та нарын ажлын үр дүнг Монголоос хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн зарав гэдгээр хэмжинэ” гэж байгаа. Ингэж байж манай улсын эдийн засаг солонгорч, экспорт дэмжигдэнэ. Энэ утгаараа гадаад бодлогод илүү прагматик шаардлага тавигдаж байна.
Манай зарим Элчин сайд нарт дутуу дулимаг зүйл бий. Тухайлбал, сууж байгаа орныхоо бүтээгдэхүүнийг эх орондоо зарчих гэдэг, тэднийхээ лоббид автдаг гэх мэт. Мэдээж эх орондоо шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ гэдэг сайн хэрэг. Гэхдээ Монгол Улсын нэн тэргүүний зорилго бол өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг экспортлох юм. Ерөнхийлөгч гадаад орнуудад суугаа Элчин сайд нартаа энэ зорилгыг анхааран хэрэгжүүлээрэй гэж захиж даалгаж байгаа.

    - Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын төрийн тэргүүнүүд удаа дараа уулзаж, эдгээр уулзалт дээр 3 талын хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эдийн засгийн коридор байгуулах гэх мэт олон асуудал яригдсан.  Одоо 3 улсын хувьд ярилцаж тохирсон төслүүдээ ажил хэрэг болгох нь чухал байна. Ерөнхийлөгч үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

   -Энэ асуудал дээр шинэ Ерөнхийлөгч бодлогын залгамж чанарыг хадгална. Хоёр хөрштэйгээ үргэлжлүүлэн ярилцаж, аль болох ярьж хэлснээ ажил хэрэг болгох талаар ажиллана. Гурван улсын эдийн засгийн коридорын гол зүйл нь Монголоор дамжих транзит дэд бүтцийн асуудал юм. Ерөнхийлөгч үүнд ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл бол саяхан Монгол ОХУ, БНХАУ-ын гурван талт эдийн засгийн  харилцаа болон эдийн засгийн  коридорын асуудлыг хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийг томилсон явдал. Энэ ажлыг өмнө нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Л.Гансүх хариуцаж ажиллахаар болсон. Ерөнхийлөгч бие төлөөлөгчөө томилж байна гэдэг нь онцгой анхаарал хандуулж байна гэсэн үг. Өмнө нь 3 талын тохирсон 32 төслийн жагсаалт байдаг. Тэр төслүүдээс алийг нь тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх боломжтой вэ гэдэг судалгаа хийгдэж байна. Ерөнхийлөгч эдгээр төслөөс төмөр замын салбарт онцгой анхаарч байгаа.

ФОРУМЫН ҮЕЭР ОХУ-ТАЙ ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛТТОЙ БАЙНА

    - ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум” 3 дахь удаагаа болж, үүнд Монгол Улс анх удаагаа Ерөнхийлөгчийн түвшинд оролцох гэж байна. Энэ удаагийн манай улсын оролцооны гол зорилго юу вэ?

    -Энэ бол Ерөнхийлөгчийн хувьд чухал аялал байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлаа аваад гадаад явж байгаа анхных нь албан уулзалт гэж хэлж болно.  ОХУ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Дорнын эдийн засгийн форум”-д зөвхөн оролцох биш, ажлын айлчлал хийхийг урьсан байгаа. Анхных нь албан ёсны айлчлал болж байгаа болохоор Ерөнхийлөгч нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй явна. Засгийн газартайгаа ч бодлогоо нэгтгэхийг зорьж байна. Ерөнхийлөгч очоод нэг асуудал ярьдаг, Засгийн газар нь дэмждэггүй явдал гарч байсан. Тийм учраас Ерөнхийлөгч ОХУ-д очоод ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярих зүйлсийг Засгийн газартай ярьж тохирох талаар сүүлийн нэг сарын хугацаанд Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байна. Төмөр зам, эрчим хүчны салбарын хамтын ажиллагаа, малын гаралтай мах махан бүтээгдэхүүний гааль, тарифын асуудал гэх мэт олон сэдвээр ярилцана. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар хоёулаа жудочин, эртний танилууд.  Сонирхол нэгтэй хүмүүсийн уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байгаа.

Форумд зөвхөн ОХУ-ын тал оролцоод зогсохгүй бүс нутгийн  томоохон чуулга уулзалт учир БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг Ази, Номхон далайн орнууд, бүр ОХУ-д хориг тавьчихаад байгаа АНУ хүртэл бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Өнгөрсөн жил Монгол Улсаас Гадаад харилцааны сайд ахалж энэ форумд оролцсон. Энэ жил анх удаа төрийн тэргүүний түвшинд урилгаар оролцох гэж байгаа учир Монгол орноо ямар байдлаар хэрхэн сурталчилж, ойлгуулах вэ гээд ихээхэн ажил хийгдэж байна. Форумын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын бизнесийн форум бас болно. Шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлого дахь хоёр хөрш, Ази, Номхон далайн бүс нутгууд дээр тавьж байгаа зорилтыг илэрхийлэх том боломж гэж манай тал энэ удаагийн форумыг харж байна. Энэ утгаараа маш идэвхтэй бэлтгэж байна. Нэгэнт бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүд, томоохон бизнесийн төлөөлөл оролцох учраас хоёр талын бусад уулзалт ч хийгдэнэ.

    -Дорнын форум гэхээр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх байх. Монгол Улсын хувьд Зүүн хойд Азийн асуудалд бас тодорхой үүрэгтэй оролцохыг эрмэлздэг. Эдийн засгийн хувьд ч хүссэн хүсээгүй бүс нутгийн орнуудтай хамтарна. Энэ утгаараа Дорнын форум Монголын хувьд улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээний чухал боломж гэж харагдаж байна...

     -Тиймээ, энэ форум бидний хувьд бүс нутгийн улс төр, эдийн засагт оролцох боломж. Зүүн хойд Ази гэхээр Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНАСАУ, БНСУ гэсэн 6 орны асуудал яригддаг. Солонгосын хойгийн асуудлаас болоод Зүүн хойд Ази хамгийн тогтворгүй, хамгийн зөрчилтэй бүс нутгийн нэг болж хувираад байгаа. Энэ нөхцөлд Монгол Улсын үүрэг оролцоо улам ихсэх боломжтой. Боломжийг ашиглахыг ч бид эрмэлздэг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Энэ жил 3 дахь удаагаа уулзалтыг хийсэн. Хамгийн гол нь Зүүн хойд Азийн бүх улс оронтой Монгол Улс маш сайн харилцаатай. Тийм учраас Монгол Улс тодорхой хэмжээнд зохицуулагчийн үүрэгтэй оролцох боломжтой болсон. Цаашид энэ оролцоогоо улам бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

  Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өмнө нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажиллаж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр БНАСАУ-д очиж, тодорхой яриа хэлцлүүд хийж байсан хүн. Энэ утгаараа Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа.

  Улс төрийн оролцооноос гадна эдийн засгийн хувьд Зүүн хойд Азийн бүс нутагт оршиж байгаа учраас Монголын эдийн засаг энэ бүс нутгийнхаа интеграцид идэвхтэй оролцох ёстой. БНСУ, Япон зэрэг улстай эдийн засгаа бэхжүүлэх ажлууд хийж байна. Энэ утгаараа “Дорнын эдийн засгийн форум” бидний хувьд чухал ач холбогдолтой юм. Энд нөгөө эдийн засгийн коридороор дамжин өнгөрөх тээврийн болон бусад асуудлуудыг ярилцах боломж гарч ирж байгаа. Форумын үеэр ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх зорилттой байна.

  Монгол Улс Хятадаар дамжуулан нүүрсээ далайн боомтод хүргэх нь илүү дөт ойрхон ч монофоль юм гэдэг үргэлж сул талтай байдаг. Тиймээс бид алтернатив хувилбартай байх ёстой гэдэг зарчим барьж байгаа. Хоёр боломж байна гэдэг нь нөгөө талын үнийг бууруулах, монофоль үнийн бодлогод орохгүй байх давуу талыг бидэнд өгөх юм.

    -Ази-Европыг холбох худалдаа, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий  “Шинэ торгоны зам”, “Шинэ цайны зам”-тай болох асуудал ялангуяа манай хоёр хөршийн хооронд хүчтэй яригддаг. Үүнд Монгол Улсын оролцоо ямар байх юм бэ, бидэнд ямар боломж байгаа бол?

   -“Торгоны зам” бол ЕвроАзийг бүхэлд нь бүрхсэн, хуучин бол Монголын Хархорин хотоор дамжин явдаг байсан зам. БНХАУ-ын шинээр гаргасан маршрутаар бол манай улстай хамааралгүй болчихоод байна. Ганц Монгол Улс төдийгүй ОХУ-ын Сибирийн бүс нутаг тэр чигээрээ “Шинэ торгоны зам”-ын маршрутаас хаягдах аюулд орчихоод байна. Тийм  учраас “Шинэ торгоны зам”-ын хойд коридорыг Монголоор дайруулах чиглэлээр Орос, Хятадын талтай яриа хэлэлцээнд идэвхтэй орж ажиллах шаардлага бидэнд байна.

“Шинэ цайны зам”-ын хувьд Монгол Улс, ОХУ, БНХАУ гурвуулаа хамрагдаж байгаа. “Шинэ цайны зам”-ын маршрутаар автомашинтай аяллууд яваад эхэлчихсэн. Энэ зам бол эхний ээлжинд аялал жуулчлалын, дараа нь өргөжөөд эдийн засгийн зам болоод явах өргөн боломжтой. Үүнийг Монгол Улс үр дүнтэйгээр ашиглах эрмэлзэлтэй байна. Өөрөөр хэлбэл, бидэнд боломж байгаа.

  -Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн Танд баярлалаа.
 
Ярилцсан Ш.Батболд
 


Монгол брэнд