top banner

Ерөнхий сайдыг огцруулах төсөл, Шадар сайдын халагдах өргөдөл


2017-08-24 16:43:34
Зураг
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор өргөн мэдүүлэх  юм бол УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” (43 зүйл.4) гэсэн заалт бий. Суурь хуулийн энэ заалт “Улсын Их Хурлын тухай” хуульд яг энэ хэлбэрээрээ сууж өгсөн байдаг. Тэр бүхнийг иш үндэс болгон УИХ дахь МАН-ын  бүлгийн нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатыг огцруулах тогтоолын төслийг  УИХ-д өргөн бариад байгаа билээ. Чуулганы чөлөөт цагт тэд улс төрийн  ийм алхам хийлээ. 
 
Гэхдээ УИХ-ын чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар зарлан хуралдуулах боломжтой гэсэн агуулгатай заалт “Улсын Их Хурлын тухай” хуульд бий. Энэ үүднээс харвал Ерөнхий сайдыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьж, улс төрийн үйл явдлын гол цөмд ороод байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн хийсэн алхам УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлаг болон хувирч байна гэж хэлж болно.  Ээлжит бус чуулганы  хэлэлцэх асуудал хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон зөвхөн  УИХ-ын дарга захирамж гаргана. Зарлагдсан чуулганаар захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг авч хэлцэнэ. Түүнээс бусдыг хойш нь тавина.
 
Харин УИХ-ын даргын захирамж гарч  Ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг хэлцэх нөхцөл хараахан бүрдээгүй байна. Гэтэл гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөл өргөн баригдсан( 2017.8.23)  өдрөөс  тоологдоно.  Төрийн байгуулалтын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдана. УИХ-ын  чуулган 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж үйл явдалыг хөөргөж зарим нэг  улс төрчид ярьж байна. “Улсын Их Хурлын дэгийн тухай” хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирсэн нөхцөлд дэгийн хуулийн дагуу парламент хэлэлцэнэ.

УИХ-ын чуулган завсралчихсан байгаа. Ийм нөхцөлд ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй болно. Ээлжит бус чуулган “Улсын Их Хурлын тухай” хуулиар зарлагдана. Харин хэлэлцэх асуудал “Улсын Их Хурлын дэгийн тухай” хуулиар зохицуулагдна. УИХ-ын даргын захирамж гарч ээлжит бус чуулган зарлагдаагүй байхад дэгийн тухай хуулийн заалтаар нүүр хийж зарим нэг гишүүн үйл явдлыг дэвэргээд байж болохгүй болов уу.
 
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг гишүүд  УИХ-д өргөн барихаас өмнө  Шадар сайд У.Хүрэлсүх ажлаасаа  халагдах тухай өргөдөл гаргаж, нар нь гал шиг төөнөсөн найман сарын халуунд улс төр “дүрэлзэх”  суурийг тавьсан гэж улс төр хэвлэлээр  бичиж  байна. Нэг танхимд багтаж, нэг, хоёр дугаарт эрэмбэлэгдэж байгаа энэ хоёр хүний үйл ажиллагаа “Засгийн газрын тухай” хуулиар зохицуулагдах учртай.
 
 Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр бусад сайдыг УИХ хүн нэг бүрээр санал хурааж шийдвэрлэдэг. Ерөнхий сайд одоо Шадар сайдын өргөдлийг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ. Гэтэл Ерөнхий сайдыг УИХ дахь МАН-ын нэр бүхий 30 гишүүн огцруулахаар гарын үсэг зурж тогтоолын төсөл өргөн мэдүүлчихлээ. Үйл явдлыг дарааллаар нь шийддэг өнцгөөс бол УИХ, Ерөнхий сайдад гаргасан Шадар сайдын өргөдлийг шийдвэрлэх юм. Гэтэл УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэнээр Ерөнхий сайдыг огцрох асуудалыг УИХ шийдвэрлэж мэдэхээр болов бололтой.
 
Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд УИХ, Ж. Эрдэнэбатыг огцруулчихбал “Засгийн газрын тухай” хуулийн21 дүгээр зүйлийн  3 дугаарт “Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу халагдах өргөдлөө өгсөн  Шадар сайд У. Хүрэлсүхэд Ерөнхий сайдын эрх мэдэл шилжих нөхцөл үүснэ.
 
Хэрэв УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаад Ерөнхий сайдыг огцруулах, Шадар сайдын халагдах өргөдөл хоёрыг шууд хамааралтай гэж үзээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах юм бол тэдний асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжтой. Ийм нөхцөл үүсвэл хэлэлцэх асуудлын хэдэд хэний асуудал бичигдэх вэ, дарааллыг яаж тогтоох вэ гээд нарийн зүйлүүд гарч ирнэ.  
 
Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У. Хүрэлсүх нарын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг эрх зүйн талаас нь харвал ийм байна. Гэхдээ асуудал эрх зүйн хүрээнд гэхээсээ илүү улс төрийн хүрээнд шийдэгдэх магадлал тун өндөр байна.                               Г.Эрдэнэбат

Монгол брэнд