top banner

Холливудын алдрын гудамжинд дуучин Шарль Азнавурын одыг нээлээ


2017-08-25 10:03:10
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Францын дуучин Шарль Азнавурын од пүрэв гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Холливудын Алдрын гудамжинд хүндтэйгээр байраа эзэлжээ. Алдрын одны нээлтийн ёслолыг Холливудын Худалдааны танхим шууд дамжуулжээ.

“Би нэг чухал юм хэлмээр байна. Би бол Франц бас Армян гаралтай хүн. Нэг саванд хольсон сүү кофег салгаж болдоггүй шиг үүнийг бас нэгийг нөгөөгөөс нь салгах боломжгүй” хэмээн өдгөө 93 насыг зооглож буй нэрт дуучин Ш.Азнавур англи хэл дээр онцлон хэлжээ. Тэрбээр: “Хэрвээ чи ямар нэгэн ашиг тустай зүйл хиймээр байгаа бол хоёр соёлын давуу талыг ашиглах нь итгэмээргүй том боломж юм шүү” гэжээ.

“Би ажил дээрээ Франц хэлээ ашигладаг, харин гэр бүлдээ бол ямагт Армян хэлээрээ ярьдаг юм” хэмээн дуучин Армянчууд хамгийн олноороо оршин суудаг Лос-Анжелес хотын оршин суугчид, зочдын алга ташилтан дор яриагаа үргэлжлүүлжээ. Мөн тэрбээр “Би энд ирээд хоёр хонох хугацаанд ялимгүй калифорнижлоо. Учир нь энд миний охин, ач зээ нар маань амьдардаг юм” гэж хошигножээ.

Ш.Азнавур 1924 оны 5 дугаар сарын 22-нд Парис хотод Армян цагаачийн гэр бүлд төржээ. Дуучны бичлэгүүд нь дэлхий даяар 180 сая хувиар борлогдсон төдийгүй тэрбээр 1300 гаруй дууны үгийг бичжээ. 1998 онд явуулсан социологийн судалгааны дүнгээр CNN телевиз, “Time” сэтгүүл түүнийг “XX зууны варьете-ийн түүхэнд хамгийн алдартай жүжигчнээр” тодруулжээ.

Холливудын Алдрын гудамж Лос-Анжелес хотын зүүн хойд хэсэгт байдаг ба уг алдрын гудамжийг байгуулах санаа анх 1953 онд төрж, анхны одыг жүжигчин Престон Фостерт зориулан 1958 оны 8 дугаар сарын 15-нд явган зам дээр суурилуулж байжээ. 1960 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар алдрын гудамжинд яг 1500 од байсан бол одоо 2618 одтой болсон байна.
О.Барс 

Монгол брэнд