top banner

Улсын тусгай хамгаалалттай газруудад бартаат замын автомашинууд хүлээлгэн өглөө


2017-08-28 17:32:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд  хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолборт газар зэрэг 11 хамгаалалтын захиргаанд Land Cruiser маркийн 15 автомашин хүлээлгэн өгсөн юм.

Уг үйл ажиллагаанд  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн  хүрээнд  Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах,  мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын  хэвийн ажиллах нөхцлийг хангах,  Орчны бүсийн хөгжлийг дэмжих, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн загвар бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. Монгол орны  тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том,  хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц  харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг  чанартай гүйцэтгэхэд  туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл юунаас чухал байсан билээ. Хамгаалалтын захиргаадад ийнхүү хамгийн сүүлийн загварын Land Cruiser маркийн автомашинууд олгосноор  тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар  хариуцсан газар нутагтаа богино хугацаанд бүрэн хүрч ажиллах  боломж бүрдэж, ТХГН-т гардаг аливаа зөрчлөөс  урьдчилан сэргийлэх,  хууль бус ажиллагааг газар дээр нь таслан зогсооход чухал  хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.

Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс “Монгол Улсын Засгийн газраас энэхүү чухал ажлыг хэрэгжүүлэхэд нь Герман улсаас дэмжлэг үзүүлэн, нийт 15 автомашин 11 тусгай хамгаалалттай газруудад хүлээлгэн өгч байгаад маш их баяртай байна. Энэ бол биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн бидний хамтын төслийн нэг хэсэг бөгөөд төслийн  хүрээнд  Герман Улс нийт 25 сая еврогийн хөрөнгийг олгоно. Бидэнтэй маш сайн хамтран ажиллаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье” хэмээлээ. Ийн 15 автомашин олгосноос гадна уг үйл ажиллагааны үеэр ТХГН-ийн нийт байгаль хамгаалагч нарт 610  хос өвөл зуны дүрэмт хувцасыг мөн хүлээлгэн өгсөн юм.

Дашрамд дурдахад, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан 11.5 сая еврогоор санхүүжүүлж байгаа бөгөөд 2016 оны 11 сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үеэр төслийн 2-р үе шатыг 13.5 сая еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж,  бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд