top banner

Цаг хугацааны морьд


2017-08-29 14:13:58
Зураг


Венецийн Биенналь, Хонконг дахь “Хан Арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж бие даасан “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэжээ. 1991 онд Москва, Амстердам хотуудад анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш гадаадын урлаг судлаачид, уран зураг цуглуулагчдын анхаарлыг татаж эхэлсэн зураач маань нэлээдгүй удаан хугацааны дараа өөрийн эх орондоо шинэхэн үзэсгэлэнгээ дэлгэж, Монголын уран зурагч сонирхогчдод шинэхэн бүтээлийнхээ дээжээс толилуулж буй юм.

Энэхүү үзэсгэлэн нь Шангри-Ла резиденсд шинээр нээгдсэн “Тооно” галерейд гарсан бөгөөд зураач Ш.Чимэддоржийн сүүл үеийн уран зураг, бэхэн зураг, уран баримлын бүтээлүүд дэлгэгджээ.

"Монгол зургийн", "Морины"  Ш.Чимэддорж хэмээн алдаршсан түүний дотоод сэтгэл дэх баялаг орон зайд морилох хүсэлтэй уншигчид ураг зургийг ойлгодог байхад л болох мэт санагддаг.

Ази, Европ, Америкийн олон хотуудад үзэсгэлэн зохион байгуулсан түүний уран бүтээлд Монгол орны амар амгалан байдал, монголчуудын ертөнцийг үзэх үзэл гол сэдэв нь болдог. Тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй өнгийг бий болгож, онгодоор хөглөгдсөн сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжээр зурдгаараа дэлхий дахинаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гарамгай уран бүтээлчдийн нэг билээ.

Ш.Чимэддоржийн бүтээлүүд Франц, Япон, Сингапур, Хонконг зэрэг улсуудын урлагийн музейд байнгын үзмэр болсон байдгаас гадна олон орны цуглуулагчдад түүний хэдэн зуун бүтээл хадгалагдаж байгаа гээд бодохоор хэдийн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зураач гэхэд буруудахгүй зүйлгүй мэт санагдана.

ЦАГ ХУГАЦААНЫ ӨНГӨ

Зураач Ш.Чимэддорж өөрийнх нь бүтээсэн морьд “Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн төрхийг харуулдаг” хэмээсэн нь бий. Цаг хугацааны морьдийг цаасан дээр барлаж, түүгээр бүхэл бүтэн гүрэн улсын гурван цагийг харуулж чадсанаараа мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан биз ээ.

Өнгөрсөн, одоо, ирээдүйг морьд хийгээд уран зургийн өнгөөр хэрхэн дүрсэлж болох вэ? гэсэн асуултанд түүний зургууд хариулдаг. Ганцхан зураас буруу татахад л тухайн зургийн бүхий л утга алга болж, урлаг байхаа болино. Тиймээс маш нарийн, торгон мэдрэмжийг зураач хүмүүс өөртөө агуулж байдаг.



Орон зай, цаг хугацаа хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ амьдралыг үргэлж өөрчилж, орвонгоор нь эргүүлж байдаг зүйл. Харин түүнийг дээрх шиг нарийн мэдрэмж, зураачийн зөн совингоор дүрсэлж болно гэдгийг Ш.Чимэдбаатар харуулснаараа маш том гавьяатай билээ. Зэрэглээнд дунд зогсч буй мэт долгионтсон хэлбэр дүрстэй морьд ирээдүйн тухай өгүүлэн зураачийн мутараар цаасан дээр амилна. Тиймээс зүгээр ч нэг морь бус цаана нь амьдралын үнэн хийгээд цаг хугааны өнгө оршиж буйг танин мэдэх нь хамгаас чухал.

ҮНЭЛЭГДЭХ ЦАГ ДОР

Парисаас холгүйхэн "Музей де Шантилли" хэмээх морины зураг, баримал, үзмэрүүдээр дагнасан музей бий. Тэрхүү музейг өдөр бүр 2000 гаруй хүн зорьж очдог бөгөөд зураач Ш.Чимэддоржийн 60 гаруй бүтээл тэнд байнгын үзмэр болон гардаг байна. Мөн түүний 200 гаруй зураг одоо Хонг Конгийн “ХанАрт” галерейн цуглуулгад буй гээд бодохоор түүнийг дэлхийн цараатай уран бүтээлч болохыг бэлхэн харуулна.
"Азийн Урлаг" сэтгүүлийн эрхлэгч Иан Финдли Брауны хэлснээр бол " Баруунд ч бас монголчуудын нэгэн адил моринд дуртай, морьтой ойр хүмүүс цөөнгүй байдаг. Адууны тухай сэдэв уран бүтээлийн төвд нь байдаг уран бүтээлчид ч мөн цөөнгүй. Гэвч адуунд байгалиас заяагдсан галтай хийморийг бүтээлдээ шингээж чадсан нь тийм ч олон биш. Морины хүч чадал Чимэддоржийн уран бүтээлд гайхалтай яруу тансаг хүч өгч, түүний бүтээлүүдийг болоод өөрийнх нь хийморийг гэрэлтүүлдэг" хэмээн хэлсэн буй.  

Мөн энэ онд Хонг Конгд Ш.Чимэддоржийн үзэсгэлэнг зохион байгуулсан “ХанАрт” галерейн захирал, куратор Чан Цон Зуны бичсэн "Лууг унахуй буюу Ш.Чимэддоржийн уран бүтээл дэх морьд" гэх өгүүлэл гарсан юм. Тэрээр тус өгүүлэлдээ "Бэхэн зургийн хувьд зураачийн гар, сэтгэлгээ хоёр ямар ч чөдөр тушаагүй хөдөлж, зураас болгоноос амьдралын эрч хүч, эрх чөлөө цацарна" гэж бичсэн байдаг.



Угтаа бол Венецийн Биеннальд оролцож, дэлхийн уран бүтээлч гэдгээ өөрийн бүтээлээрээ бататгасан Ш.Чимэддорж гадаадад урлагийн сургуульд сурахыг их эрмэлзсэн боловч эх орондоо монгол зургийн ангид элсэж, Ардын зураач Г.Одонгийн урланд суралцжээ. Энэ нь түүний хамгийн зөв сонголт байсан бөгөөд морийг хэрхэн дүрслэх, хүншүүлэх, монгол бахархлыг яахин гэрэлтүүлж дэлхийд таниулж болохыг олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн хүчинд олж авсан байна.

Адуу хэмээх Төрийн сүлдэнд заларсан амьд ертөнцийг дотор орсон мэт мэдэрч, морины нүдээр ертөнцийн олон өнгө төрхийг бүтээн бий болгосон нь нэн чухал. Үүнд л монголчуудын байгаль хийгээд, амьтныг илүү ойлгож мэдрэх, амьд харилцаа хийгээд гадаадын улс оронд үнэлэгдэх сэтгэлгээний хэлбэр оршиж буй.
 
Б.Алтанхуяг

Монгол брэнд