top banner
Шуурхай мэдээ

Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө


2017-08-29 14:30:08
Зураг
Түвдийн өөртөө засах орон бол үндэсний цөөнхийн нутаг. Түвд орохын тулд бид Бээжинд хоёр хоног саатсан тухайгаа “Наймдугаар сарын Бээжин” хэмээх өмнөх аян замын тэмдэглэлдээ цухас дурдсаныг та лав санаж байгаа байх. Уг нь бид Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яамнаас бүгд виз даруулж авсан юм. Гэвч гадны сэтгүүлчид гээд тэгсэн үү эсвэл угаасаа давхар цохолт шаардлагатай байдаг уу өмнөд хөршийн нийслэлд хоёр хоносны дараагаар бидний бичиг баримт бүрдэв.

Ингээд бид энэ сарын 16-нд нэг өдрийн дотор Бээжин-Чөндү, Чөндү-Лхас гэсэн хоёр нислэгт суув. Урд хөршид аялал жуулчлал хүчтэй хөгжиж байгаа учраас дотор нислэг гэхэд Улаанбаатар-Бээжин рүү нисдэгээс том онгоцоор нислэг үйлдэж байх юм. Мөн ихэнх зорчигч нь дотор хүмүүс. Иймээс хөршийнхөөрөө хэрэн хэсэх бол дотоод нислэг хэмээн хайхрамжгүй хандалгүй онгоцны буудал руу 3-4 цагийн өмнө зүглэж байх нь өлзийтэй гэдгийг хэлье.



Бээжингээс Чөндү хүртэл 1800 км гэнэ. Гурван цаг нисээд Сычуаний төв Чөндүд буусан. Харин Чөндүгээс Лхас хүртэл хоёр цаг нисдэг юм байна лээ. Лхастай танилцах миний аялал онгоцны цонхноос эхэлсэн. Шовх оройт цавчим уулс, тэдгээр уулсын оройг дамнуулан тавьсан өндөр хүчдлийн шонгууд, өргөн гол мөрөн, зааглаж хэмжсэн тариалангийн талбай, хар замаар давхилдах хөнгөн тэрэг, уулны нугачаа бүр дэх жижиг суурингууд... ийм л дүр зураг нүдэнд тусч байлаа. “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг байх аа. Онгоц Лхаст ирлээ. Манайхны ганц нэг нь “Толгой нэг бишээ” гэцгээж байна. Надад ч юм мэдрэгдсэнгүй. Гэхдээ миний биеийн тогтвортой байдал тийм ч удаан хадгалагдаагүй гэдгээ үнэнээр нь өчих хэрэгтэй. Яг яагаад байгааг мэдэхгүй ч тархинд нэг тааламжгүй үелзэл зурс зурсхийн орж ирэх. Тэгэхдээ өвдөлт биш.

Биднийг угтахаар Түвдийн өөртөө засах орны Хэвлэлийн албаны ажилтан Ишданзан бусад нөхдийн хамт онгоцны буудлын гадаа хаалган дээр зогсож байв. Ишданзан миний уулзсан анхны түвд хүн болов. Түвд үндэстэн гэдгийг илтгэх хүрэн бор царайтай энэ эрийг хожим нь бид танилцаж дотноссоныхоо дараа Иши хэмээн дууддаг болсон билээ. Ишданзан биднийг нэг дор цуглах үед “Дашидэлэг” хэмээн мэндчилж, хүн бүрийн хүзүүнд цагаан хадаг тохож өгөв. “Дашидэлэг” гэдэг нь “Сайн байна уу” эсвэл “Сайн сайхныг хүсье” гэсэнтэй утга нэг. Түвдийн нутгаар аялсан тохиолдолд та энэ үгийг хамгийн олонтаа сонсох болно. Зарим тохиолдолд айлууд эл үгийг гоёмсогоор бичиж, жаазлан гэрийнхээ хаа нэгтээ байрлуулсан байх нь бий. Мөн монголчууд цэнхэр хадгийг голчлон барьдаг бол тэд цагаан хадаг барих юм. Угтан авалтын ёслол үүгээр дуусч, автобусандаа сууцгаав. Автобусанд суухын өмнө Ишданзан “Хурдан алхаж болохгүй. Гүйж бүр болохгүй. Усанд яаран орж хэрэггүй. Ханиад хүрвэл Түвдэд эдгэх нь удаан, хатгаа болж мэднэ шүү” хэмээн захив. Азаар бидний хэн маань ч тэнд байх өдрүүдэд ханиад томуу хүрсэнгүй. Харин бие организмын өөрчлөлтийг бүгд мэдэрцгээсэн юмдаг.



Лхас бол Түвдийн нийслэл. Лхасын хүн ам одоогийн байдлаар 400 мянга орчим. Түвдийн өөртөө засах орны хувьд 3.3 сая хүн амтай. Тархан суурьшсан түвдчүүдээ хамруулвал 7 орчим сая гэж үздэг байна. ТӨЗО нь бүх хятад дотроо хамгийн нягтрал багатай бүс нутагт тооцогддог. Чин гүрний үед буюу 1734-1736 оны хүн амын тооллогоор 941.200 хүнтэй гэж гарч байжээ. Хожим нь 1953 оны тооллогоор 1 сая гаруй хэмээн тоологдож байсан бол 60 жилийн дараа хүн ам 3.3 сая болж өссөн байна.

Лхас хотыг тойроод Лхас гол урсдаг аж. Лхас гол шаварлаг өнгөтэйг харахаар нэг л сонин. Монголчууд гол мөрний усыг цэнхэр хэмээн төсөөлдөг болохоор алтныхан ороод дэлбэрчихсэн аятай сэтгэгдэл төрөх. Цааш явтал ихээ өндөр уулсыг нэвт ухсан нүхэн гарц таарав. Уг нь түвдчүүд нягт сүсэгтэй улс бишсэн бил үү. Лав монголчууд байсан бол Богд уулыг нүхэлж нүхэн гарц тавихгүйг бодохоор бид илүү сүсэгтэй ч юм шиг. Донсолгоогүй замаар яваа хэрнээ толгойн дотор нэг юм болоод байх шиг. Гэхдээ яг ямар өөрчлөлт гараад байгааг оноож хэлж чадахгүй л явав.

Нийслэл Лхас далайн түвшнээс 3665 метрт оршдог. Очсоны дараах эхний өдрүүдэд ямар ч шалтгаангүйгээр ойр ойрхон толгой өвдөх, дотор муухайрах, хөдлөхөөс дургүй хүрч амархан цуцах, хамраас цус гарах, уруул хар хүрэнтэж хүчилтөрөгч дутагдах зэрэг сөрөг нөлөө илэрнэ. Ишданзангийн захиасыг дагахгүй ч байхын аргагүй. Ямар нэг юм гар хөлийн чинь тушчихсан юм шиг алхаа гишгээ хар аяндаа удааширна. Шатаар өгсөх, дээш доош босч суух, лифтээр явах гээд бүхий л хөдөлгөөнд тань хүссэн хүсээгүй эхний хэдэн хоногт хязгаарлалт үйлчлэх болно. Аялалын хугацаанд өндрийн бүсэд дасан зохицоход зориулагдсан 10 мл-ийн хэмжээтэй шилэн саванд савласан ядам хурууны чинээний бэлдмэлийг уухаас аваад эмнэлэгт ашигладаг төмөр савтай хүчилтөрөгчөөр амьсгалж үзлээ. Тухайн үедээ аль аль нь тустай ч хэсэг хугацааны дараа өнөөх таагүй нөлөө дахих магадлалтай. Хаа очиж монголчууд аль ч газрын уур амьсгалд дасан зохицох чадвар өндөртэй юм билээ. Хэзээ нэгэн цагт Түвдээр зорчих бол бие хаагаа мэдэж очиход гэмгүй. Түүнчлэн сүүлийн үед манайхны дунд харшилтай хүн олон болсон. Түвдэд уул усгүй, ургамал ногоогүй газар гэж сөөм ч үгүй.



Лхас ихээ том хот юм. Сүрхий барилгажжээ. Одоо ч барилгажилт үргэлжилж л байна. Төр захиргаа, орон сууц, сургууль цэцэрлэг, оюутны хотхон, үзвэр үйлчилгээний гээд бүхий барилга нь түвдийн үндэсний сууцны хэв шинжийг агуулжээ. Худалдаа арилжааны газрууд нь хятадын хотууд шиг гудамж тал руу харсан байх. Лхаст биднийг “Шангри-Ла” сүлжээ зочид буудалд буулгав. Дэлхийд данстай буудлын салбар цэг тэнд ажиллаж байх юм чинээ төсөөлөө ч үгүй байсан тул гайхсан гэж юу гэх вэ. Тэдний тайлбарлаж байгаагаар бол, “Шангри-Ла” гэдэг нь “Ариун газар” гэсэн түвд үгнээс гаралтай гэнэ. Лхас гэдгийг ч мөн “Ариун газар” хэмээн хөрвүүлдэг юм билээ.



Лхасын “Шангри-Ла” гэхэд харагдах байдлаас баригдах эд зүйлсээ хүртэл үндэсний агуулгатай буудал байв. Нийслэл нь ч өөрөө үндэсний хэв шинжтэй гэж дээр хэлсэн. Нэгэнт энэ талаар цухуйлгасных түвд түмний сууц ямар байдаг талаар товч тайлбарлая. Түвдчүүд голчлон уулын чулуугаар барьсан хоёр давхар сууцанд амьдарна. Сууцаа тойрсон чулуу эсвэл малын хөрзөн бүхий хашаатай. Хашааных нь хаалга ч, гэрийнх нь ч хаалга эрээлж хээлсэн байх. Тэд дээхэндээ байшингийнхаа нэг давхарт малаа хашдаг байсан бол одоо малаа хашаан дахь сараандаа хаших болжээ. Ингэснээр нэгдүгээр давхараа сууцны зориулалтаар ашиглах болсон байна. Зарим айл зочны өрөө болгосон байх бол нөгөө нь үр тариа, илүү дутуугаа хураадаг агуулах, бүр нэг хэсэг нь жуулчин хүлээж авдаг хүлээлгийн өрөө болгосон байв. Түвд айлын зочны өрөө гал тогоотойгоо цугтаа. Мөн айл бүрт алтан өрөө гэж бий. Энэ нь манайхны хувьд номын өргөө. Цаашлаад хүүхдийн, унтлагын, ариун цэврийн гэсээр байшин дунджаар 5-6 өрөөнөөс бүрдэнэ. Дундаж ам.м нь 120 орчим. Өрөө тасалгааны хувьд хангалттай зайтай. Тэгсэн хэрнээ шат нь бүтэн алхам дүүрч гишгэхээргүй. Зайгаа хэмнэж шатаа ингэж барьдаг гэх. Дасаагүй болоод тэр үү ер нь өгсөх уруудахад тун эвгүй.



Тэр оройгоо бид Потала ордны гаднах үзэмжийг тусгайлж зассан өмнөх талбайгаас тольдов. Хаанаас нь ч харсан соронз мэт нүд сэтгэл татна. Уг ордоны орой дээр хятадын төрийн далбаа намирна. Бидний зогсож буй өмнөх талбайд ч мөн далбаа намирна. Далбааны хажуугийн тавцан дээр хятад цэргийн харуул зогсоно. Ер нь хаа ч явсан цэрэг цуухтай хэсгийн зургийг авахыг зөвшөөрдөггүй талтай. Иймээс бид “Усыг нь уувал ёсыг нь дага” гэхчлэнгийн юм болов. Талбайн урд хятадын удирдагчдын зураг бүхий самбар байх бол зүүн талаар жижиг мухлагууд ажиллаж байв. Талбайн гол хавиар Потала ордны сүүдрийг оруулан зураг авахуулагсад олон байлаа. Түвдчүүд өөрсдөө ч хүүхэд шуухадтайгаа ирчихсэн патиар татуулж харагдана. Хөгжил дорой, хоцрогдсон гэсэн бодолтой очсон хүний нүдэнд захын нэг түвд авгай энгэрээсээ гар утсаа гаргаж ирээд зургаа даруулахыг харахаар бас л соньхон. Залуухан охид бүсгүйчүүд нь сельфиний гар барьчихсан манайхны ярьдгаар сүрхий пооз авч байна аа. Яагаадыг бүү мэд, түвд эмэгтэйчүүд нэг их будаг шунх хэрэглэдэггүй улс шиг байдаг шүү. Эр эмгүй хүрэн бор царайтай, хаа ч явсан дотор хүнээс эрс өөр, шууд нүднээ тусна. Нар салхинд онгож бараантсанаас дийлэнх олонх нь наснаасаа овортой харагдах нь бий.

Түвдчүүдийг бид түвд гэсэн нэг ойлголт дор малгайлдаг. Дотор нь орж үзэхэд олон төрлийн үндэстэн ястан, бараг тосгон болгон өөрийн хэлний аялгатай ч байх шиг. Шарын шашныг голчлон шүтдэг бол зарим нэг ястан нь чөтгөр шулам тахьдаг газар байх аж. Түвдчүүд ерөнхийдөө дундаж нуруутай, мах мяраа багатай, өлчир чийрэг хүмүүс юм. Гэтэл канба үндэстэн гэж энэхүү нийтлэг төрхийн хаанаас нь ургаж мэндэлсэн улс вэ гэмээр хүмүүстэй таарлаа. Бараг 2 метр гаруйн өндөртэй, бужгар үстэй, түүнийгээ мөрөөрөө давуулан задгай тавьсан байх ба нүүрийг нь харахад догшин төрхтэй. Нөгөө харах нь ээ эртний баатар шиг. Хүдэр боргил энэ эрчүүдийн генийг авахаар гадны жуулчин эмэгтэйчүүд аялах нэрээр ирдэг гэсэн яриа чих дэлсээд өнгөрөв.

Талбай хавиар эргэлдсээр байтал оройн сэрүү оржээ. Түвдэд агаар сийргийн дээр цаг уурын хувьд их тогтворгүй. Өглөө сэрүүн, өдөр халуун, шөнөдөө жиндүү. Халуун байна даа гэж байтал ганц цагийн дотор даармаар болоод явчихна. Лхас уг нь хагас хуурай бүсэд нутагт оршдог, зун нь хэт халуун биш, өвөл нь хэт хүйтэн биш нарлаг хотод тооцогддог. Тиймээс зарим ярианы хэлэнд “Нарны хот” ч гэдэг аж. Бид Түвдийг их хүйтний орон хэмээн төсөөлдөг. Гэвч тийм биш. Лхас гэхэд зургадугаар сард дунджаар 15-16 хэмтэй байх ба хамгийн халуун дулаан өдрүүд нь 22-23 градус. Өвлийн дундаж температур -2 хэм, хамгийн хүйтэндээ 10 градус. Аялах явцад зарим тосгоны иргэдээс “Өвөл халаалтаа яаж шийддэг вэ” хэмээн асуухад тэд “Манай энд их хүйтрээд -5 хэм л хүрдэг. Галлаад сүйд болохгүй. Заримдаа галладаггүй. Дээхнээ пийшин зуух ашигладаг байсан. Одоо халаагуураа залгахад болно” хэмээн хариулж байсан юм.



Хэдий зун ч түвдчүүд ил задгай хувцаслахгүй юм. Нарны далбагар малгай, үндэсний дээлээ өмсөөд амны хаалт зүүн гартаа эрх юм уу эсвэл хүрд барьсан хүмүүс хотоор дүүрэн. Тэд дээлээ яма гэнэ. Зуны, өвлийн, гоёлын, эрэгтэй, эмэгтэй гэхчлэн олон төрөлтэй. Эмэгтэй дээл нь урт, биеийн галбирыг тодотгосон байх бол эрэгтэй дээл хэлхгэрийн дээр хөөргөж өмсөх юм. Дээлийн дотуур монгол цамц шиг цамц өмсөнө. Цамцныхаа хормойгоо цацаглана. Босоо захтай цамцан дээр өнөө ташуу энгэртэй дээлээ өмсөх. Дээлнийхээ нэг ханцуйг сугалдарлаж өмсөх бөгөөд ханцуйгаа сул тавих аваас бараг шагайн тус газар хүрнэ. Ханцуйгаа сугалдарлаж өмсдөг нь нэг талдаа ажил төрлөө хийхэд дөхөм болгох үүднээс, нөгөө талдаа эр хүнийг хийморьлог харагдуулдагтай холбоотой гэнэ. Орчин үед залуус ханцуйг нь богиносгож, загварлагийн болгож өмсөх болжээ. Энэ нь хүннү захтай монгол дээлийг санагдуулна. Түвд эмэгтэй дээлийн бүс их биетэйгээ цугтаа тул бүслээгүй цагт дэлбэгэр харагддаг юм билээ. Ер нь одоо цагт түвдчүүд биеийн амарыг бодож европ хувцас өмсөх нь их болжээ. Нэгэн бол европ хувцасан дээр зөвхөн дээл өмсөх юм. Гэхдээ түвдчүүд үндэсний баяр ёслолын үеэрээ хамгийн гоё хувцсаа өмсөж, хамгийн үнэтэй гоёлоо зүүцгээдэг гэсэн. Гоёл чимэглэлийн тухайд, алт мөнгө, эрдэнийн чулуу оролцуулсан нүсэр эд зүүцгээнэ. Ээмэг гэхэд чих сэтрэм. Тиймээс дээш өргөсөн уяатай. Эмэгтэй бүс гэхэд цэвэр мөнгөн дээр алтан товруу шигтгэсэн, товрууны голдоо том том эрдэнийн чулуу суулгасан байх аж. Удаан зүүвэл хүнддэж, энд тэндээс нухмаар.

Түвдүүд монгол хүнд их элэгтэй юм. Бидний нөхдийг “Монголоос ирсэн” гэхээр ихэд таашаана. “Бид соёл уламжлал, шашин шүтлэгээрээ нэг улс” хэмээн элгэмсэгээр өгүүлэх. “Монгол гэж хаа байдаг улс вэ” гэсэн асуулт тавьж байсан нэг ч түвд хүнтэй таарч байсангүй. Нутгаас авч гарсан “Чингис” архиа хүндтэй нэгэнд нь барина. Эсвэл мөнгөн тэмдэгт, бэлэг дурсгалын зүйлс дурсгахаар “Энэ Чингис мөн үү” хэмээн асуухыг бодвол тэр бүр их хааны хөрөг олж үзсэн хүн ховор бололтой. Гэхдээ л “Монголоос ирсэн” гэхээр гар дээр худалдаа хийж байгаа хүүхэн ч андахгүй юм билээ. Түвдчүүдийн яриа хэлийг ойлгоход бэрх. Гэхдээ тэд их мэдрэг. Дохио зангаагаар үзүүлэхэд амархан тусгаж авна. Гадныхантай ойлголцох дуртай. Энэ нь цөөнх үндэстэнд бусадтай ойлголцох, өөрийгөө ойлгуулах гэсэн эрмэлзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой ч байж мэдэх. Магадгүй гадныханы нүдэнд монголчууд бид ч ингэж харагддаг байж болох.

Тэд их эелдэг, зочломтгой, ил цагаан инээдтэй, хошин шогийн мэдрэмжтэйн дээр дууч хуурч хүмүүс юм. Захын нэгэн л дуулна. Яг монголчууд шиг. Тэдний дууны үгнээс би юу ч ойлгоогүй. Гэхдээ л чихнээ ойр, хөг аялгуу сайтай юм. Бүжихдээ олуул тойрог хэлбэрээр бүжнэ. Гарын савалгаа, хөлийн товшилт ихтэй шиг санагдсан.



Аялалынхаа дөрөв дэх өдөр бид Лхас дахь нэгэн уулын аман дахь задгай театрт “Вань Чэн гүнж” хэмээх хоёр цагийн түүхэн дуулалт жүжиг үзлээ. Найман зуун хүн тоглосон энэ жүжгийг ардын урын санг түшиглэж зохиожээ. Тиймээс үндэсний дуу бүжгийн бүхий хөг аялгуу, ур хийцийг эндээс үзэж болохоор байв. Жүжигт Тан гүрний гүнж Вань Чэн түвд нутагт бэр болгон илгээгдэхдээ гурван жилийг зарцуулж, улмаар түвд нутагт ирж Соронзонгомбо хааны хатан болсоор ном эрдэм дэлгэрүүлж, тариа буудай тарих зэргээр улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан олон зуун жилийн өмнөх бодит түүхийг өгүүлнэ. Таван үзэгдэлт тус жүжгийн VIP суудлын нэг бүрийн үнэ 900 юань. Энгийн суудал 300 юань. Гэвч танхим дүүрэн үзэгчтэй байх. Жүжиг нь түвдийн 8 алдартай дуулалт жүжгийн нэг бөгөөд жуулчдын улирлаар олны хүртээл болгодог байна. Дуулалт жүжгийг үзэж ээ суухад, говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ ингэж тавьдаг байсан байх даа гэх бодол төрж суулаа.

Б.Туул
Үргэлжлэл бий.

 

Монгол брэнд