top banner
Шуурхай мэдээ

Венецид 74 дэх удаагийн олон улсын кино наадам нээгдэнэ


2017-08-30 11:57:02
Зураг
ВЕНЕЦИ./TASS/. Венецийн кино наадам лхагва гарагт Америкийн найруулагч, кино зохиолч, Оскарын хоёр удаагийн шагналт Александр Пэйний “Товчхон” киног үзүүлснээр нээлтээ хийнэ. 

Венецийн энэ жилийн кино наадамд жүжигчин, найруулагчийн хувиар нэг бус удаа оролцож байсан Жорж Клуни ирэх бөгөөд тэрбээр энэ удаад өөрийн найруулсан долоо дахь шинэ бүтээл “Субурбикон” киногоо толилуулах юм. Түүний хамтаар гол дүрүүдэд тоглосон жүжигчин Мэтт Дэймон, Жулианна Мур нар улаан хивсэн дээгүүр алхах юм.

Уралдаант шалгаруулалтын хөтөлбөрт орсон Даррен Аронофскийн “Эх” кинонд Хавьер Бардем, Женнифер Лоуренс, Мишель Пфайффер нар тогложээ. Мексикийн кино найруулагч Гильермо дель Торо эгэл жирийн бүсгүй лусын ханхүү хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Усны хэлбэр” үлгэрийн киногоо танилцуулна.

Уралдаант шалгаруулалтын баримтат киноны төрөлд Хятадын зураач, архитектор Ай Вэйвэй цагаачлалын сэдэвт киногоо толилуулах ажээ.

Тус кино наадмын гол шагналуудын төлөө нийт 21 кино өрсөлдөх бол дахиад 19 кино уралдаант шалгаруулалтын ”Горизонт” хоёрдугаар хөтөлбөрт өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Америкийн жүжигчин Аннетт Бенинг тэргүүтэй олон улсын шүүгчид гол шагналууд болох нэг “Алтан арслан”, хоёр “Гэгээн Маркийн мөнгөн арслан”-ы эзэд болон шилдэг жүжигчдийг шалгаруулан тодруулах юм. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэт “Алтан арслан” шагналыг Америкийн жүжигчид Жейн Фонд, Роберт Редфорд нарт гардуулсан ба тэд үзэгчдийн өмнө “Бидний сүнс шөнөөр” шинэ кинонд гарах ажээ. Тус киног уралдаант шалгаруулалтаас гадуур үзүүлэх юм.

“Хатан хаан” киноны найруулагч Британийн иргэн Стивен Фрирз уралдаант шалгаруулалтаас гадуур “Виктори Абдул хоёр” киногоо дахин танилцуулах юм. Мөн “Любя Пабло” кинонд тоглосон Хавьер Бардем, Пенелопа Круз түүнчлэн “Орчин үеийн эмэгтэйн хувийн амьдрал” кинонд тоглосон Алек Болдуин нарыг уг кино наадамд оролцох юм. 

Британийн найруулагч Абель Феррара баримтат киноны төрөлд цагаачдын үргэлж буудалладаг газарт тооцогддог Ромын Витторио талбайн тухай өгүүлэх киногоо үзүүлэх юм.
Уралдаан шалгаруулалт Японы найруулагч Такэси Китаногийн “Дураараа авирласан нь” цуврал киноны гуравдахь ангиа үзүүлснээр өндөрлөнө.

Энэ жилийн кино наадмын шинэлэг зүйл гэвэл виртуаль бодит байдалд зориулагдсан уралдаант шалгаруулалт бөгөөд уг шалгаруулалтад 22 туршилтын бүтээл оролцож байгаа аж.

Мөн Венецид “Суббура” телевизийн шинэ киноны нээлт болно. Уг киног бүтээхэд жүжигчин, найруулагч Микеле Плачидо оролцжээ. Венецийн кино наадмын нээлт хаалтын ёслолыг өдгөө Италийн иргэн Алессандро Борги хөтлөх ажээ.
О.Барс 

Монгол брэнд