top banner

Гурван аймаг, хоёр дүүрэгт шүлхий өвчин тогтоогдож, устгал хийжээ


2017-08-30 15:09:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас нэгдсэн мэдээлэл өгөв. 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн долдугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн наймдугаар сарын 03-ны өдрийн шинжилгээгээр, Өлзийт сумын нутагт 07-ны өдрөөс, Сайнцагаан сумын нутагт 10-ны өдрөөс шүлхий өвчин оношлогдон нийт 37 өрхийн 26 толгой үхэр, 317 хонь, 282 ямаа тусгаарлаж, 22 толгой үхэр, 134 толгой хонь, 88 толгой ямааг устгажээ. Вакцинжуулалтын арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж 934427 толгой мал хамруулахаас одоогийн байдлаар 6 сумын хэмжээнд 750363 толгой мал хамруулж, 83.7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд наймдугаар сарын 07-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 9 өрхийн 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямаа өвчилж, 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямааг устгасан. Асгат суманд энэ сарын 12-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 4 өрхийн 191 толгой үхэр,49 толгой хонь, 148 толгой ямаа шүлхий өвчний шинж тэмдэгтэй байсныг устгасан байна. Баруун Урт суманд энэ сарын 17-ны өдрөөс шүлхий өвчний сэжиг илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Нийт дөрвөн өрхийн 39 толгой үхэр, хоёр толгой хонь өвчилснөөс 39 толгой үхрийг устгаад байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд УМЭАЦТЛ-ийн долдугаар сарын 23-ний өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдож, голомтод байгаа 31 өрхийн нийт 168 толгой үхрийг устгасан. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 304322 толгой мал хамруулахаас өнөөдрийн байдлаар 195470 толгой мал хамруулж, 75.7 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Наймдугаар сарын 11-ний өдрөөс хойш өвчлөл нэмэгдээгүй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо “Морингийн даваа”-нд УМЭАЦТЛ-ийн энэ сарын 26-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдож, голомтод байгаа нэг өрхийн нийт 14 толгой үхэр байгаагаас өвчилсөн хоёр үхрийг зориудын устгалд оруулсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын А/268 дугаартай захирамжаар уртаараа дөрвөн км, өргөнөөрөө гурван км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байгаа юм байна.
Н.Туяа

Монгол брэнд