top banner

Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж байна


2017-08-30 15:39:38
Зураг Улаанбаатар/МОНЦАМЭ/.Налайх дүүргийн гуравдугаар хороон дахь эдэлбэр газар, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг  хийж эхэлсэн байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг тус дүүргийн ЗДТГ аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгч байгаа аж.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ярихдаа, “Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргасан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал байсныг боломжийнхоо хэрээр шийдэж байгаагийн нэг нь ө энэ ажил юм. Мөн яг энэ орчимд олон жилийн туршид хуримтлагдаад байсан хур хогийн цэгийг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран цэвэрлэсэн. Уурхайг албажуулж, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллуулж байна. Магадгүй энэ газар ухсан нүх, овоолсон шороо биш сайхан ногоон байгууламж болохыг үгүйсгэхгүй. Дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл гарган хүн хүч, техник хэрэгслээр бололцооныхоо хэрээр тусалж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагынхандаа талархал дэвшүүлье” гэв.

Дүүргийн Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн асуудал хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг уурхайн эдэлбэр газарт ажиллаж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж байгаа бол иргэдийн бүлэг хогноос нь салгаж буй аж.


Монгол брэнд