top banner

Хөрөнгө оруулалт ба шинэ боломж


2017-09-05 11:07:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нарны гэрэл, далайн усаар ногоо тарьж болох  болов уу гэдэгт “үгүй” гэж хариулах хүн олон биз. Тэгвэл хүн төрөлхтөн элсэн цөлд улаан лооль тариалж, хэдэн мянган тонноор нь ургац хураан бүтэшгүй  мэт зүйлийг бий болгож байна.

Харин төв Азийн цээжинд орших Чингисийн Монголд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүн, онгон байгаль, түүх соёлоос эхлээд давуу  боломжууд бий. Энэ боломжид дөрөөлөн эдийн засгаа солонгоруулж, тэлэх гэрэл гэгээ бидэнд байна. Хэдийгээр эдийн засгийн хөдөлгүүр гацаж, хэтэвч нимгэрсэн сорилтын жилүүд үргэлжилж буй ч эерэг, сөрөг үзэгдэл ээлжлэх 2017 оныг монголчууд эрсдэл багатай туулж байна. 


МОНГОЛ УЛС ТҮР ЗУУРЫНХ БУС ХЭТИЙН АМЖИЛТАА БАТАТГАНА

Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд 2014-2015 онд тус салбарын бүтээгдэхүүний ханшийн уналт, экспорт эдийн засагт тодорхой хэмжээний бууралт авчирсан. Харин энэ үед хөдөө аж ахуйн салбар бодит өсөлтөөрөө эдийн засгийг тэтгэснийг тоон үзүүлэлтүүд илэрхийлж байгаа юм. Энэ оны эдийн засгийн эерэг өсөлтийг  ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг  эдийн засагчид онцолж байгаа юм.  Гэсэн хэдий ч нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа бодит нөхцлөө өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх цаг болсон гэдгийг  Монгол Улсын Шинэ  Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгосон. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа ч энэ нь хэтийн  амжилт биш түр зуурын үзэгдэл гэдэгт монголчууд санал нэгтэй байна.
Манай улсад 1990-2016 онд нийт 112 орны 13 мянга  гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Гэвч үүний  80 хувийг 2008-2012 онуудад хийсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 72.5 хувь нь уул уурхайн салбарт оржээ. Их хэмжээний мөнгө эргэлдэх уул уурхайн салбарын хувьд баялгийн өгөөж нь энэ хэдэн жилүүдэд төдийлөн мэдэгдсэнгүй. Нүдэнд үзэгдэж, гарт баригдтал мэдрэгдээгүй өгөөжийн гол үр нөлөө нь  нэмүү өртөг шингээгүйд байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Тиймээс Монгол Улс зөвхөн уул уурхайдаа дулдуйдахгүйгээр бусад салбараа жигд хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалтын бодлого-төлөвлөлтийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулалт төвлөрч буй уул уурхайн салбарын хувьд хөрөнгө оруулагч болон Монгол Улсад харилцан ашигтай байх, стандартын технологи, стандартын гэрээ хэлцлийг хийх зарчим руу явах  ёстой гэдгийг төрийн тэргүүн онцолж буй юм.
 
ХАА-Н БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ, ДЭЛХИЙД ГАРАХ ТОМ АМБИЦ

  Эхний долоон сарын  статистикийн үзүүлэлтээр Монгол Улсын эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарлаа.  Сангийн яам энэ онд эдийн засгийн бодит өсөлтийг  3.4 хувьтай байх төлвийг тооцож гаргасан. Ингэхдээ тус яам мал аж ахуйн салбарын өсөлтийг 8.0 хувь байхаар тооцож улмаар хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ 8.1 хувиар өсөх төлвийг гаргасан юм. Энэ үзүүлэлт ч хөрсөнд эхнээсээ бууж байна  гэж хэлж болно. Тодруулбал  мал сүргийн нийт дүн 61 сая 542 мянган тоо толгойд хүрч, 2015 оноос 9.9 хувь буюу 5,562.3 мянгаар өссөн. 2015 онд манай улс  55.9 сая мал тоолуулж байв.

     Монгол Улсын хувьд уул уурхайн томоохон ордуудыг нээхээс өмнө  эдийн засгийг нуруундаа үүрч байсан гол салбар бол хөдөө аж ахуй юм.Тиймээс ХАА-н салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр авч явах ёстой гэдэгт төвлөрч байна. Идэж буй ургамал нь өөр байна уу гээд гадныхан монгол махны амт чанарыг шагшин магтдаг. Тэгвэл экологийн цэвэр гэдэг давуу боломждоо дөрөөлөн мах, арьс, ноос, ноолуур, сүүгээ дэлхийн энд хүрэхүйцээр боловсруулан борлуулах боломж бидэнд бий. Төлөвлөгөөт эдийн засгийн үед Монголын малын тоо толгой 25 сая байхад жилдээ 40 мянган тонн мах, гурван сая амьд мал экспортолж байв. Мал аж ахуйн салбараас манай улс хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний  80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлдэг. Мал аж ахуйн салбараас жилд дунджаар хонины ноос 23.5 мянган тонн,  ямааны ноолуур 5.2 мянган тонн, бодын хөөвөр 1.3 мянган тонн, тэмээний ноос 1.2 мянган тонныг бэлтгэж,  335.0 сая литр сүү үйлдвэрлэж буй юм. Өнгөрөгч онд үйлдвэрийн аргаар 17.5 мянган тонн махыг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 7 мянган тонноор нэмэгджээ. Дээрх түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосноор улсад төвлөрөх орлого хэд дахин өсөх юм. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын  шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд анхаарч, шинжлэх ухаан технологи, цөм технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2008-2016 онд ХАА, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн-72, цөм технологийн-3 төсөл, инновацийн- 5 төсөл хэрэгжүүлжээ.
  Үүний зэрэгцээ манай улс жилдээ 10 сая орчим  арьс ширийг хагас боловсруулан экспортолж буй бөгөөд үүнийг өөрчлөн нэмүү өртөг шингээж зах зээлд гаргахаар  эхний төслүүд бэлэн болоод байна.  Тодруулбал 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэн Европ руу экспортлох үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчид хийсэн. Энэ мэтчилэн төслүүдэд гадныхан харилцан ашигтайгаар хөрөнгө оруулах боломж бий.


Нөгөөтэйгүүр Монгол Улс газарзүйн хувьд Азийн төв хэсэгт байрладагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Монгол Улсаар дамжуулан бүтээгдэхүүнээ гаргах, үйлдвэр байгуулан харилцан ашигтай бизнес явуулах бүрэн боломжтой. Өнөөдөр Монгол Улс дэлхийн ноолуурын 30 хувийг хангаж байна. Энэ түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах том орон зай бий. Энэ хэрээрээ ноолуурын салбарынхан   ахиж дэвших амбицтай явна. Ноолуур, ноос боловсруулах салбарт улсын хэмжээнд 60 гаруй үйлдвэр ажиллаж байгаагаас Говь ХК, Ээрмэл ХК, Гоёо ХХК, Ханбогд ХХК, Алтай кашимер ХХК, Сор кашимер ХХК зэрэг зургаан үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байна. Үүнээс “Говь” ХК түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдагаараа онцлогтой. Улмаар ноолуурын салбарынхан Европын зах зээлд өөрийн орны онцлог бүтээгдэхүүнийг экспортлох чадамжийг  нэмэгдүүлэхээр “CBI” байгууллагатай хамтран “Экспортод бэлтгэх” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг  Монгол Улсын ШУТИС-ийн багш нар санаачилсан. Хөтөлбөрийн хүрээнд  “Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүн”-ий шинэ чиглэлийг хөгжүүлж Олон улсын нэр хүнд бүхий үзэсгэлэнд оролцож  байна. Өнгөрсөн онд “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт”, “Маркетингийн судалгаа”-ны экспертийн багууд байгуулагдан холбогдох яам, холбоод, үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласан гээд ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах ажил өрнөж буй юм.

УУЛ УУРХАЙГААС ИЛҮҮТЭЙ ӨГӨӨЖ ӨГӨХ ТӨСӨЛ МОНГОЛД ОЛОН БАЙНА

Монгол Улсын ДНБ  энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос даруй 380.9 төгрөгөөр өслөө.
Энэ  өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5  тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.  Түүнчлэн манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар дэлхийн 145 улстай худалдаа хийснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам. долларт хүрэв. Экспорт 3.5 тэрбум ам доллар, импорт 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 1.5 тэрбум ам. доллар буюу 33.9 хувиар, экспорт 38.5 хувиар, импорт 27.5 хувиар өссөн үзүүлэлт гарлаа.
Улмаар гадаад худалдааны тэнцэл 2016 оны мөн үед 708.5 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний долоон сарын байдлаар 475.1 сая ам.доллараар буюу 67.1 хувиар нэмэгджээ. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл өсөх гол шалтгааныг   эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлснийг шинжээчид өгүүлж байна. Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Нидерланд, БНХАУ, Люксенбург, ИБУИНВУ, Сингапур, Канад, БНСУ болон АНУ тэргүүлж байна.   Манай улсын нийт экспортын  94.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс эзэлдэг бөгөөд гадаад худалдааны тэнцлийг эерэг байлгах тохиргоонууд хийх хүлээлт нийгэмд үүссэн. Эерэг үзүүлэлтийг өнгөлөхийн тулд бодлогын шинжтэй арга хэмжээ, тохиргоонуудыг цаг алдалгүй хийхээр шинэ Ерөнхийлөгч Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлээд буй. Тодруулбал хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг тодорхой бодлогын хэмжээнд дэмжих, хумигдмал бизнесийн орчныг халах, улс төр, бизнесийн бүлэглэлүүдээс ангид байлгах, дотоод эдийн засгийг тэлэх бодлогыг баримтлан судалгаанд түшиглэсэн хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах аж.


Монгол Улсын хувьд зөвхөн байлгалийн баялгаас гадна байгалийн цэвэр бүтээгдэхүүнтэй гэдгээрээ бусад орнуудаас давуу. Хөдөө аж ахуйн салбарт  ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, нэхий эдлэлээс гадна хонины сүүлний тосыг уламжлалт болон орчин үеийн технологитой хослуулснаар гоо сайхны байгалийн цэвэр бүтээгдэхүүн “Сүүлэнхүү” брэнд гээд шинэ ноу хау, бүтээгдэхүүнүүд гарч байна.  Мөн үйлдвэрлэгчид монгол оронд ургадаг ургамал, жимснээс “Халгай” шампунь “Мон Крем” гоо сайхны бүтээгдэхүүнүүд, "Шар доктор" чацарганаас гаргасан хүнсний бүтээгдэхүүн, чацарганын тос гээд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж эхлэв. Ийнхүү байгалийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай зэрэгцэн манай улс 126 сая хүн амтай зах зээл буюу Япон Улстай анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай хийлээ.  Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн  хүрээнд Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг  чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулахаар болсон. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Япон, Монгол хоорондын хамтарсан комисс байгуулж, энэ хүрээнд 13 дэд хороог байгуулан ажиллаж байна. Монголоос  уламжлалт үйлдвэрлэл ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохын сацуу чацаргана, удон гоймон, гурвалжин будаа зэрэг 40 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм. Түүнчлэн хүнсний салбараас дэлхийн зах зээлд гаргах нэг брэнд бол зөгийн бал. Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик нь гэдгийг судлаачид онцолдог. Энэ хэрээрээ гадны улсууд Монгол зөгийн балыг импортлох хүсэлтэй байдаг. Тухайлбал “Арга гангат” зөгийн аж ахуй өнгөрсөн жилээс Япон руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах салбар Монголд олон байна. Үүнтэй уялдан Монголд хөрөнгө оруулахад хэр таатай вэ гэдэгт анхаарал хандуулья. Аливаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв, тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Иймд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал тавин ажиллаж буй юм. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч нарт татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж ирсэн. Дээрх хуулийн хүрээнд эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий 6,3 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын 5 төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Эдгээр төслүүдийн хүрээнд ирэх 5 жилд 5.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж буй тоо баримт бий.

ДЭД БҮТЭЦ БА ХӨГЖЛИЙН ГАРЦ

Аливаа улсын дэд бүтэц нь хөгжлийн гол түүчээ болдог. Энэ ч утгаараа улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн хэсгээр хэмждэгийн нэгд  дэд бүтэц багтдаг. Дэд бүтэц, ялангуяа зам тээврийн сүлжээний нягтаршил, хүртээмж сайн байх нь тухайн улсын эдийн засгийн бүх салбарын хөгжлийн гол түлхэх хүч нь болдог гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Монгол Улс нь 1564,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт ордог, ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэнтэй хил залгадагаараа онцлогтой. 

Монгол Улсын дотоодын дэд бүтэц буюу зам харгуйд сүүлийн 10 жилд их бүтээн байгуулалт өрнөснөөр хөгжилд дөтөлсөн.  Энэ хэрээр ахиц дэвшлүүд гарч, шинэ санаа, бэлэн төсөл хөтөлбөрүүд ч ар араасаа хөвөрч байна. Үүний нэг нь БНХАУ, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлтэд хамгийн дөт зам болох Замын-Үүдээс Алтанбулагийг холбосон 1100 км хурдны авто замын зураг төслийг нэрлэж болно. Тодруулбал Уралын нуруунаас наашхи ОХУ-ын иргэд, Замын-Үүдэд төвлөрсөн худалдааны эргэлтийн хооронд маш богино хугацаанд худалдаагаар хангах транзит төсөлд хөрөнгө оруулах боломж бий. Түүнчлэн Монгол Улсын бизнесийн орчныг томруулж сайжруулахад хамгийн том гарц бол төмөр зам юм. Төмөр замын асуудал түгжигдмэл байгаа ч энд олон хувилбарууд бий. УИХ-аар 2010 онд төмөр замын төслийг оруулж батлуулсан бөгөөд Монгол оронд ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван хөндлөн транзит, нийт 5000 орчим км төмөр замын зураг төсөл цаасан дээр эзнээ хүлээж буй гээд дэд бүтцийн салбарт харилцан ашигтайгаар хөрөнгө оруулах томоохон төслүүд байна. Ийнхүү зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй хөдөө аж ахуй, байгаль орчин, хөнгөн үйлдвэр гээд маш олон салбарт хөрөнгө оруулах боломж байгааг дээрх баримт илтгэх биз ээ.  Хөрөнгө оруулагчдын хувьд хөгжсөн орнуудад дөхсөн бодлоготой болох, тэдний санал бодлыг тусгасан  хуулийн төсөл санаачлах боломжтой. Түүнчлэн Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо засч сайжруулахаар Засгийн газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хүртэл байгуулсан. Энэхүү зөвлөл нь хөрөнгө оруулагчдын гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. 2017 оны эхний хагас жилд тус зөвлөл хөрөнгө оруулагчдаас 80 гаруй санал гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ мэтчилэн  хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улс шинэ зарчмаар ажиллаж байна.

Б.Ариунзаяа

Монгол брэнд