top banner

Жаахан шарга хөгжимт жүжгийн тeатрт зөөврийн тайз хүлээлгэн өгөв


2017-09-05 15:52:50
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарт тусгагдсаны дагуу Жаахан шарга хөгжимт жүжгийн театр /ХЖТ/-т 140 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн тайзыг хүлээлгэн өглөө. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд урлаг соёлын үйлчилгээг жигд хүртэх боломжтой боллоо.

Бүх төрлийн арга хэмжээнд ашиглагдах карказ, гэрэлтүүлгийн хэрэгслүүд, тайзны чимэглэл, лед дэлгэц, өсгөгч хөгжмүүд болон бусад дагалдах хэрэгслүүд гээд иж бүрэн зөөврийн тайзыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэж, аймгийн Жаахан шарга ХЖТ-ын хамт олонд гардууллаа. Энэ нь соёлын салбарыг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан, хөдөө орон нутгийн иргэдэд урлаг соёлын үйлчилгээг жигд хүртээх гээд олон талын ач холбогдолтойг нутгийн удирдлагууд онцлов.

Харин Жаахан шарга ХЖТ-ын ерөнхий найруулагч, СТА З. Далай хэлэхдээ “Уран бүтээлч бидэнд хамгийн хэрэгцээт зүйл бол орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байдаг. Бид хичнээн сайхан уран бүтээл хийгээд түүнийгээ иргэддээ хүргэж чадахгүй бол тэр ямар ч үр дүнгүй шүү дээ. Харин энэ цагаас хойш бид орчин үеийн жишигт нийцсэн зөөврийн тайз, тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ бол манай театрын хамт олны олон жилийн мөрөөдөл. Тэр ч утгаараа энэ нь манай салбарт үнэхээр нүдээ олсон хөрөнгө оруулалт болж байгааг цохон хэлмээр байна. Манай хамт олон энэхүү тайзыг нүүдлийн театр хэлбэрээр ашиглах болно. Нэг үгээр хэлбэл тайз, дэлгэцийн урлагийг хослуулна гэсэн үг. Урлаг соёлын салбарын хэрэгцээ шаардлагыг маш мэдрэмжтэй олж харж, түүнийгээ үе шаттайгаар шийдвэрлэж байгаа орон нутгийн удирдлагууддаа нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Үүнээс өмнө орон нутгийн хөрөнгөөр Гэр бүл хүүхэд залуучуудын  хөгжлийн газрын дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагт иж бүрэн цахилгаан хөгжим авч өгсөн. Улмаар тус хамтлагийн уран бүтээлчид өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийж залуучуудад амьд хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, амьд хөгжимд сонирхолтой хүүхэд багачуудад сургалт явуулж байна.
Т. Одончимэг

Монгол брэнд